
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн гэмт хэрэгт Саудын Арабын угсаа залгах хунтайжийг буруутгаж, Эр-Риядийн удирдсан эвслийн Йеменд явуулж буй дайнд үзүүлдэг цэргийн тусламжаа зогсооход уриалсан АНУ-ын Сенатын тогтоолыг тус вант улсын зүгээс эрс буруутгалаа.
Саудын Гадаад яамны сайд уг тогтоолыг “андуу ташаа нотолгоог” иш үндэс болгож, улсынх нь “дотоод хэрэгт хөндлөнгөөс хошуу дүрсэн хэрэг” гэж дүгнэсэн байна.
АНУ-ын Сенатын өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт баталсан дээрх тогтоол нь заавал даган биелүүлэх хүчинтэй бус, бэлгэдлийн шинжтэй юм. Гэвч Саудын Арабын эрх баригчид өөрийнх нь улсын бодлого үйл ажиллагаанд хилэгнэсэн АНУ-ын хууль тогтоогчдын алхмын тухайд Ерөнхийлөгч Дональд Трампад анхааруулга өгсөн байна.
Саудын Арабын мэдээллийн агентлагийн уламжилсан мэдэгдэлд тус улсын Гадаад яамны сайд “АНУ-ын Сенатын илэрхийлсэн байр суурийг манай улс эрс зэмлэн буруутгаж байна” гэж дурджээ.
“Жамаль Хашоггийг хөнөөсөн нь манай улс, төр засгийн байгууллагуудын алины ч бодлого чиглэлд огтоос холбоогүй жигшүүрт гэмт хэрэг. Уг хэргийг тус вант улсын шударга шүүхээс мултлах аливаа оролдлого гаргуулахгүй гэдгээ ахин дахин нотлон илэрхийлж байгаа” гэж мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.
Саудын Арабын энэхүү мэдэгдэлд АНУ-ын зүгээс одоогоор ямар нэг хариу өгөөгүй байна.
Саудын Араб АНУ-ын Сенатын тогтоолыг эрс буруутгалаа | ||
Үзсэн: 623 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.