
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро улсынх нь иргэний цэрэг 1.6 саяд хүрсэн гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр энэ тоо 2018 оны эхнээс гурав дахин өссөн дүн юм байна.
Николас Мадуро мөн улс орноо гадны түрэмгийллээс хамгаалах нь үүрэг зорилго нь гэж мэдэгджээ. Түүний хэлсэн үгийг Венесуэлийн төв телевизээр даваа гарагт цацсан байна. Үүнээс өмнө Мадуро улс орныг нь эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байна гэж АНУ-ыг буруутгасан.
Ингэхдээ тэрбээр Боливарын цэрэг гэгддэг зэвсэгт хүчний нэг салбараа “Шүдийг нь хүртэл зэвсэглэнэ”, “Эзэрхийлж түрэмгийлсэн нэг улс манай эх нутаг нэвтэрч магадгүй. Гэхдээ тэд эндээс амьд буцахгүй гэдгээ мэдэж байх хэрэгтэй” гэж хэлснийг хэвлэлүүд уламжилж байна.
Венесуэлийн Үндэсний Боливарын цэрэг нь иргэний сайн дурынхнаас бүрдсэн нөөц хүч юм. Цэргийн энэ салбар нэгжийг тус улсын зэвсэгт хүчний нэмэлт хүч болгон 2008 онд тухайн үеийн Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавез байгуулж байжээ.
Харин Николас Мадуро “Иргэний цэргийн нөөц хүчээ нэмэгдүүлж нэг саяд хүргэхийг өнгөрөгч дөрөвдүгээр сард үүрэг болгосон. Тухайн үед манай иргэний цэрэг 400 мянга байсан юм” гэж даваа гарагт хийсэн мэдэгдлийнхээ үеэр хэлсэн байна.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро улсынх нь иргэний цэрэг 1.6 саяд хүрсэн гэж мэдэгдлээ | ||
Үзсэн: 728 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.