Шууд Chart

Йеменд гал зогсоох гэрээ байгуулагдсан даруйдаа зөрчигджээ

2018-12-18 15:51:44

Йеменд гал зогсоох гэрээ байгуулагдсан даруйдаа зөрчигджээ. Тус улсын Засгийн газрын албаны хүн энэ тухай мэдээлснийг “Би-Би-Си” агентлаг уламжилсан байна.

Орон нутгийн цагаар мягмар гарагийн шөнө дундаас "Худейда" боомт хотод гал зогсоохоор дайтагч талууд өмнө нь тохиролцсон юм. Хүмүүнлэгийн сүйрэлд өртөөд байгаа тус улс руу тусламжийн ачаа тээш нэвтрэх гол судал болсон энэ хотод хуйти босогчид болон Засгийн газрын хүчний хооронд үе үе буудалцаан болсоор байгаа мэдээ ирж байна.

"Худейда" хотоос зүүн тийш Засгийн газрын хүчний байрлалууд руу босогчдын талаас гал нээжээ. Түүнээс хойш ч буудалцаан үргэлжилсээр байсныг Засгийн газрын талын эх сурвалж “Франс пресс” агентлагт ярьсан байна. Өнгөрөгч пүрэв гарагт НҮБ-ын дэмжлэгтэйгээр Шведэд болсон хэлэлцээгээр хоёр тал гал зогсоохоор тохирсон юм.

Үүнийг талууд дөрвөн жил шахам үргэлжилж байгаа иргэний дайныг эцэслэх эхний алхам болж мэднэ гэж найдлага тавьж байсан юм. Гэвч буудалцаан, ширүүн тулаан тасрахгүй байснаас баасан гарагт гал зогсоохыг хойшлуулаад байсан юм. Йемений нийслэл Сана хотоос баруун тийш 140 км-т байдаг "Худейда" хот 2014 онд хуйти босогчдын хяналтад орохоосоо өмнө эдийн засгийн томоохон төвд тооцогддог, улсынхаа дөрөв дэх том хот байсан.

Йемений Засгийн газрын хүчинд дэмжлэг үзүүлдэг Саудын Арабын эвслийнхэн энэ хот руу хийх дайралтаа өнгөрөгч зургаадугаар сараас хойш эрчимжүүлээд байгаа юм. Хүнс, эм тариа, түлш шахатууны импортоос бүрэн хамааралтай байдалд ороод байгаа Йемен улсын хүн амын гуравны хоёр шахмын хувьд энэ боомт хот гол авралын үүд болж байгаа юм.

Одоогийн байдлаар 22 сая гаруй йеменчүүд ямар нэг байдлаар тусламж дэмжлэг шаардлагатай нөхцөлд амь зууж байгаа бол найман сая орчим нь өлөн зэлмүүн байдалтай хоног төөрүүлж байгаа гэсэн НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээ байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Йеменд гал зогсоох гэрээ байгуулагдсан даруйдаа зөрчигджээ  
Үзсэн: 904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй