
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Канад улс Саудын Арабтай цэргийн салбар дахь томоохон хэлцлээ цуцалж болзошгүй байна.
Гэрээ цуцалсны төлөөс нь нэг тэрбум гаруй канад доллар болж магадгүй гэдгийг Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо дурджээ. Цэргийн техник хэрэгсэл нийлүүлэх тухай 2014 онд байгуулсан гэрээний талаар энд ярьж байгаа юм. 13 тэрбум орчим ам.долларын өртөгтэй энэ гэрээний дагуу Канад улс Эр-Риядад “Эль-Эй-Ви 700” нэртэй явган цэргийн байлдааны машин 900 гаруйг нийлүүлэх үүрэг хүлээжээ.
Өнгөрсөн есдүгээр сард Саудын Арабын санаачилгаар нийлүүлэх зэвсэглэлийн тоо хэмжээг цөөрүүлсэн байна. Хашоггийг хөнөөсөн гэмт хэргийг “Хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд харгисаар халдсан явдал” гэж нэрлэж байсан Канад улс өмнө нь 11 дүгээр сарын сүүлээр Саудын Араб улсын 17 иргэний эсрэг хориг тогтоосон юм.
АНУ-ын “Вашингтон пост” сонинд нийтлэлчээр ажиллаж байсан Жамалт Хашогги өнгөрсөн 10 дугаар сарын эхээр Туркийн Стамбул хот дахь Саудын Арабын Консулын газарт амиа алдсан юм. Тэрээр сүүлийн жилүүдэд Саудын Арабын эрх баригчдын бодлогыг эрс хатуу шүүмжилж байсан гэдэг. Энэ сэтгүүлчийг хөнөөсөн аллагад Саудын Арабын төрийн дээд удирдлага дахь хүмүүс холбоотой гэж Турк, АНУ-ын тусгай албад үзэж байгаа юм.
Харин Эр-Рияд ийм зэмийг эрс үгүйсгэдэг. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Сенат Саудын Арабын угсаа залгах хунтайжийг Хашоггийн аллагыг зохион байгуулсан гэм буруутай гэсэн тогтоол баталсан. Америкийн хууль тогтоогчдын энэ тогтоолыг Саудын Арабын талаас баталгаагүй нотолгоог иш үндэс болгосон гэж няцаасан юм.
Канад улс Саудын Арабтай цэргийн салбар дахь томоохон хэлцлээ цуцалж болзошгүй байна | ||
Үзсэн: 620 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.