Шууд Chart

Эрэн сурвалжилсан нийтлэлийн дараа “Фэйсбүүк”-ийн хувьцааны ханш унажээ

2018-12-20 16:15:58

“Фэйсбүүк”-ийн хувьцааны ханш унаж байгааг АНУ-ын “Насдак” биржийн мэдээ харуулж байна. Өчигдөр орон нутгийн цагаар 16:00 цагийн үед “Фэйсбүүк”-ийн нэгж хувьцааны ханш 133.24 доллар буюу 7.25 хувиар буурчээ.

“Нью-Йорк таймс” сонины эрэн сурвалжилсан нийтлэлийн дараагаас тус компанийн хувьцааны үнэ унаж эхэлсэн байна. “Фэйсбүүк” хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг түнш компаниуддаа олон жилийн турш ашиглуулж ирсэн гэж тус сонин нотолж байгаа юм.

Тийм түншүүдийнх нь дунд “Спотифай”, “Нетфликс”, “Яндекс” зэрэг компани байна. Тухайлбал, “Нетфликс” хэрэглэгчдийн хувийн мэдээллийг унших боломжтой байсан бол “Яндекс” хэрэглэгчдийн нэр, нууц үг зэргийг авч болдог байсан гэж “Нью-Йорк таймс” сонин бичжээ.

Ерөнхийдөө “Фэйсбүүк”-ийн хувьцааны ханш энэ жил нэлээд уналт амсаж байгаа. Өнгөрсөн зун тус компани 120 тэрбум долларын алдагдал хүлээснээр АНУ-ын түүхэнд нэг өдрийн доторх компанийн хувьцааны ханшийн хамгийн том уналт болсон.

Тус компанийн улирлын тайлангийн үзүүлэлтүүд шинжээчдийн таамаглаж байсан хэмжээнд хүрээгүйгээс ханшийн энэ уналт шалтгаалсан байдаг. Түүнээс гадна тухайн үед “Фэйсбүүк”-ийн Санхүү эрхэлсэн захирал Дэвид Венер ашиг орлогын өсөлт цаашдаа саарна гэж анхааруулж байсан юм.  

Нийтэлсэн: Mонголын радио

Эрэн сурвалжилсан нийтлэлийн дараа “Фэйсбүүк”-ийн хувьцааны ханш унажээ   
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй