Шууд Chart

Ахуйн хуванцар бүтээгдэхүүн ашиглахыг хориглох захирамжийн заалтуудыг баталжээ

2018-12-20 16:26:51

Аяга, таваг, соруул зэрэг ахуйн хуванцар бүтээгдэхүүн ашиглахыг хориглох захирамжийн заалтуудыг Европын Холбоо өчигдөр зөвшилцөн баталсан байна.

Германы “Эн-Ти-Ви” телевизийн сувгийн мэдээлснээр хуванцар бүтээгдэхүүн ашиглахыг зогсоох санаачилга хоёр жилийн хугацаанд хэрэгжих юм байна. Ингэхдээ байгальд хор хөнөөл багатай орлох бүтээгдэхүүн бүхий хуванцар эдлэлүүдийг хоригт хамруулахаар тусгажээ.

Энэ арга хэмжээний дүнд 2030 он гэхэд байгаль орчинд 22 тэрбум еврогийн хохирол учрахаас сэргийлж чадна гэж тооцоолсон байна. Европын гол мөрнүүд дэх хуванцар хог хаягдлын 70 хувийг эзэлдэг 10 нэр төрлийн хуванцар бүтээгдэхүүнээс бүрдсэн “хар жагсаалт” бүхий “захирамж”-ийн төслийг Европын комисс өнгөрөгч тавдугаар сард өргөн барьж байсан юм.

Үүнд хуванцар аяга, таваг, халбага, сэрээ, ундааны соруул, тавиур болон бусад эдлэл багтжээ. Түүний сацуу Европын комиссийнхон ус, ундааны хуванцар савны үйлдвэрлэлийг хориглох бодолгүй, гагцхүү тэдгээрийг дээд зэргээр боловсруулна гэдэг баталгаа гаргуулж авах хүсэлтэй байгаа юм. Германы “Шпигель онлайн” сайтад мэдээлснээр Европын Холбооны орнуудаас жил бүр 26 сая тонн хуванцар хог хаягдал гардаг байна. Гэвч үүний 30 хүрэхгүй хувь нь л дахин боловсруулалтад ордог ажээ.  

Нийтэлсэн: Mонголын радио

Ахуйн хуванцар бүтээгдэхүүн ашиглахыг хориглох захирамжийн заалтуудыг баталжээ   
Үзсэн: 2301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй