
АНУ-ын холбооны Засгийн газрын сул зогсолт 12 дугаар сарын 28-наас хойш ч үргэлжилж магадгүй. "Цагаан ордон"-ы Хэрэг эрхлэх газрын даргын үүргийг түр гүйцэтгэж байгаа Захиргаа-төсвийн газрын дарга Мик Малвэни “Фокс ньюз” телевизэд өчигдөр ингэж ярьсан байна.
Тэрбээр “Ойрын өдрүүдэд үйл явдал тэгтлээ хурдан өрнөнө гэж би бодохгүй байна. Тиймээс энэ сарын 28 өнгөрч, нэгдүгээр сарын 3-нд Конгрессийн шинэ чуулган эхэлтэл Засгийн газрын ажил зогсох магадлал маш өндөр гэж үзэж байна” гэж анхааруулжээ.
Мик Малвэни түүнчлэн 12 дугаар сарын 28-ныг дуустал цалингаа төрийн байгууллагын ажилтнууд авах болно. Харин тэрнээс хойш асуудал үүсч болзошгүй гэсэн байна.
Сенатын Тамгын газраас мэдээлснээр Конгрессийн дээд танхимын дараагийн хуралдаан энэ сарын 27-ноос нааш болохгүй юм байна. АНУ-ын хууль тогтоогчид өнгөрөгч 10 дугаар сарын 1-нээс эхэлсэн 2019 оны санхүүгийн жилийн төсвийг одоо болтол баталж чадаагүйд хэргийн учир байгаа юм.
12 дугаар сарын 21-нд багтаж батлах шаардлагатай байсан уг баримт бичгийг хэлэлцсэн Конгрессийн хоёр танхимын хуралдаан баасан гарагт ямар нэг зөвшилцөлд хүрч чадалгүй тарсан юм.
Улмаар холбооны яам тамгын газруудын ажил түр зогсоход хүрээд байгаа юм. Энэ хүрээнд АНУ-ын Засгийн газрын дөрөвний нэг орчим нь, түүний дотор Төрийн департамент, Сангийн яам, Худалдааны яам, Дотоодын аюулгүй байдлын яам санхүүжилтгүй зогсож байна.
АНУ-ын холбооны Засгийн газрын сул зогсолт энэ сарын 28-наас хойш ч үргэлжилж магадгүй байна | ||
Үзсэн: 697 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.