Шууд Chart

Японы эзэн хаан Акихитогийн төрсөн өдөрт 83 мянга орчим хүн баяр хүргэхээр цугларчээ

2018-12-24 13:03:46

Ирэх оны дөрөвдүгээр сард сэнтийгээс буух Японы эзэн хаан Акихитогийн төрсөн өдөрт өчигдөр баяр хүргэж хүндэтгэл үзүүлэхээр 83000 орчим хүн Токио дахь хааны ордны гадаа цугларчээ.

Эдүгээ 85 настай эзэн хаан өөрийг нь хаан суух хугацаанд Япон улс дайн дажны аюул дахин үзээгүйд “сэтгэл ихэд ханамжтай” байгаагаа илэрхийлсэн байна.

Эзэн хаан Акихито хэлсэн үгэндээ "Өнгөрч буй энэ жилийн туршид газар хөдлөлт, хүчтэй хар шуурга, хэт халалт гээд байгалийн гамшигт үзэгдлүүдэд гэр бүл, ойр дотныхноо алдсан бүх япон хүмүүст эмгэнэл илэрхийлье" гэжээ. Мөн өөрийг нь дэмжин тусалж ирсэн Японы ард түмэн болон өөрийн гэргий, хатан хаан Мичикод талархал илэрхийлсэн байна.

Акихито бол 200 гаруй жилийн түүхэнд амьд сэрүүн ахуйдаа сэнтийгээ орхиж байгаа Японы анхны хаан юм. Зүрхний хагалгаанд орж, түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээ хийлгэсэн эзэн хаан ирэх оны дөрөвдүгээр сард өөрийн ууган хүү, угсаа залгах хунтайж Нарухитод титмээ шилжүүлэх юм.

Акихито 1933 оны 12 дугаар сарын 23-нд Хирохито хаан, Нагако хатан хааны гэр бүлд мэндэлсэн. Хирохито хаан таван охин, хоёр хүүтэй байжээ. Акихито 1952-1956 онд Токиогийн Гакусюин их сургуулийн улстөр, эдийн засгийн салбарт суралцжээ.

1952 оны 11 дүгээр сард тэрбээр угсаа залгамжлах хунтайжаар албан ёсоор өргөмжлөгдсөн бол 1989 оны нэгдүгээр сарын 7-нд хаан эцгээ өөд болсны дараа Япон улсын 125 дахь эзэн хаан болж заларсан түүхтэй. 55 настай Акихито хаан ширээнд заларснаар Японд “Хэйсэй”-н буюу “Энх тайван, зөвшилцлийн” гэгддэг он тоолол эхэлсэн байдаг. 

Нийтэлсэн: Mонголын радио

Японы эзэн хаан Акихитогийн төрсөн өдөрт 83 мянга орчим хүн баяр хүргэхээр цугларчээ   
Үзсэн: 1548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй