Шууд Chart

Суданд талхны үнийг бууруулахын төлөөх эсэргүүцэл үргэлжилж байна

2018-12-24 14:06:59

Суданд талхны үнийг бууруулахын төлөө эсэргүүцэл үргэлжилж байна. “Франс пресс” агентлагийн мэдээлснээр ням гарагт хоёр ч хотод нийтийг хамарсан үймээн дэгджээ.

Суданы нийслэл Хартумд таван хүн үрэгдсэн хэдэн өдрийн эмх замбараагүй байдлын эцэст байдал харьцангуй тогтворжсон байна. Хартумаас баруун урагш 200-гаад км-т байдаг Умм-Руваба хотын 600-гаад иргэд зах дээрээ цугларч, засгийн эрхийг солихыг уриалж байжээ.

Эсэргүүцэлд оролцогчид гудамжинд авто машины дугуй шатааж, орон нутгийн захиргааны байр руу дайрч орохыг оролдож байсан боловч аюулгүйн хүчнийхэн тэднийг шахан холдуулж чаджээ.

Нийслэл Хартумаас зүүн хойш 300-гаад км зайтай Атабара хотод цагдаа нар болон энгийн хувцастай тусгай хүчнийхэн хэдэн зуун жагсагчдын өөдөөс нулимс асгаруулагч хий хэрэглэсэн мэдээтэй байна.

Өнгөрөгч лхагва гарагт Суданы Засгийн газар талхны үнийг гурав дахин өсгөх шийдвэрээ зарласны дараагаас тус улс даяар эсэргүүцлийн давалгаа газар авчээ. Янз бүрийн хотод цагдаагийнхантай хийсэн мөргөлдөөнд наад зах нь найман хүн амь эрсэдсэн байна.

Суданы гол сөрөг хүчний удирдагч Садик аль-Махди цагдаагийнхны үйл ажиллагааг “зэвсэглэсэн залхаан цээрлүүлэлт” гэж нэрлээд, 22 хүн амь эрсэдсэн гэдэг мэдээлэл хийжээ.

Өчигдөр буюу ням гарагт нийслэл Хартумд дунд сургуулиуд болон их сургуулиуд хаалттай, тайван байдалтай, харин цагдаагийнхан бороохой, нулимс асгаруулагч хийгээр зэвсэглэн эргүүл хийж байжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Суданд талхны үнийг бууруулахын төлөөх эсэргүүцэл үргэлжилж байна   
Үзсэн: 585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй