
Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог болон ажлаа тайлагнадаг байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн мэдээлэл, туршлага солилцох уулзалтыг Улсын Их Хурлын Тамгын газраас санаачлан өнөөдөр /2014.01.24/ Төрийн ордонд зохион байгуулж байна.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог болон ажлаа тайлагнадаг байгууллагуудын удирдлагууд сар бүр уулзаж тулгамдсан асуудлаа ярилцаж нэгдсэн шийдэлд хүрэх чиглэлээр хамтарч ажиллаад нэг жил болж байна. Энэ хүрээнд оюуны өмчийн зөрчилгүй программ хангамж ашиглах тухай Улсын Их Хурлын даргын уриалгыг дэмжин мэдээллийн технологийн бодлого, үйл ажиллагаагаа зохицуулж ажиллахаар тохирсон. Үүний нэг илрэл нь энэ удаагийн мэдээлэл, туршлага солилцох уулзалт юм гээд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан Улсын Их Хурлын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах чиглэлээр Тамгын газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулав.
Улсын Их Хурлын даргын уриалгын дагуу Тамгын газар нээлттэй эхийн програм хангамжийг нэвтрүүлэх ажлыг 2013 онд бүрэн хэрэгжүүлсний зэрэгцээ мэдээллийн технологийн давуу талыг ашиглан Улсын Их Хурлын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах арга хэмжээ авч ухаалаг төхөөрөмж хэрэглэдэг бүх хүн хууль тогтоох байгууллагаас батлан гаргасан эрх зүйн актуудыг хүссэн цагтаа нэг дороос олж авч ашиглах боломжтой болсон. Түүнчлэн Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог болон ажлаа тайлагнадаг байгууллагуудын хүрээнд нээлттэй эхийн програм хангамжийг хэрэгжүүлэхээр тохирсон нь энэ асуудлыг төрийн бүх байгууллагын хэмжээнд бодит ажил болгох эхлэл болсныг тэрээр дурдаад ингэснээр төрийн байгууллагууд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хүн хүчний нөөцөө уялдуулан зохицуулах, мэдээллийн нэг гарц, нэгдмэл сантай болох, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихэд чухал ач холбогдолтойг онцоллоо.
Мөн Улсын Их Хурлын даргын зөвлөх Ц.Буянцогтоо төрийн байгууллагууд мэдлэг, туршлагаа харилцан солилцдог шинэ талбар нээж байгаа нь чухал ач холбогдолтойг онцлоод оюуны өмчийн зөрчилгүй нээлттэй эхийн программ хангамж ашиглах асуудлыг Улсын Их Хурлын Тамгын газар анхлан санаачилж амжилттай хэрэгжүүлж байгаад баяр хүргэлээ.
Уулзалтад Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Авлигатай тэмцэх газар, Үндсэн хуулийн цэц, Үндэсний аудитын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцож байна. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн ордонд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын мэдээллийн технологийн ажилтнууд урилгаар оролцож байгаа юм.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн үйл ажиллагааны чиг үүрэг, мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын бодлого, мөрдөгдөж буй дүрэм журмуудын талаар мэдээлэл өгч, Цахим парламентыг хөгжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулах юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд туршлагаа хуваалцаж байна | ||
Үзсэн: 1006 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.