
АНУ-ын Засгийн газрын төлөөлөгчид БНХАУ-ын төрийн түшээдтэй хэлэлцээ хийхээр ирэх сарын эхний хагаст Бээжин хотыг зорино. “Блумберг” агентлаг эх сурвалжуудаас иш татан энэ тухай өнөөдөр мэдээллээ.
Мэдээлэлд өгүүлснээр Америкийн төлөөлөгчдийг ахалж, АНУ-ын худалдааны төлөөлөгч Жеффри Герриш оролцох юм байна. Мөн АНУ-ын Сангийн яамны Олон улсын хэрэг эрхэлсэн орлогч сайд Дэвид Мэлпас төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.
Хоёр талын яриа хэлэлцээ ирэх нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт Хятадын нийслэлд болохыг “Блумберг” тэмдэглэж байна. Гэхдээ БНХАУ-ын талаас хэн оролцох талаар дурдаагүй байна. АНУ, БНХАУ хоёр ирэх оны нэгдүгээр сард худалдааны асуудлаар зөвлөлдөх бодолтой байгаа талаар АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин өмнө нь мэдээлж байсан юм.
Харин тэрбээр энэ сард “Блумберг” агентлагт өгсөн ярилцлагадаа тодорхой тов дурдаагүй, гагцхүү хэд хэдэн уулзалт болно гэдгийг л тодотгож байжээ. Энэ сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Аргентинд болсон “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзахдаа хоёр орны хооронд худалдааны хэлэлцээр байгуулахад чиглэсэн алхмуудыг гурван сарын хугацаанд хэрэгжүүлэхээр тохирч байсан.
Мөн Цагаан ордны тэргүүн Хятадын 200 тэрбум долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэгдүгээр сарын 1-нээс 10 хувиас 25 хувь болгон өсгөхөөр өмнө төлөвлөж байснаа хэрэгжүүлэхгүй болсон юм.
500 тэрбум долларт хүрдэг гэж өөрийн үздэг, Хятадтай хийж байгаа худалдаанаас АНУ-ын хүлээж байгаа алдагдал Трампын сэтгэлд нийцэхгүй байгаа юм. Өнгөрөгч есдүгээр сарын 24-нөөс АНУ-д Хятадын 200 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 10 хувийн Гаалийн татвар үйлчилж эхэлсэн.
БНХАУ үүний хариуд АНУ-аас нийлүүлдэг 60 тэрбумын импортод 5-10 хувийн татвар ногдуулж байсан. Энэхүү хязгаарлалтын арга хэмжээгээ Дональд Трамп шинэ үе шатанд үргэлжлүүлэхээр төлөвлөж байсан боловч түүний Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын дараа энэ чиглэл дэх АНУ-ын засаг захиргааны алхам хойшилсон юм.
АНУ-ын Засгийн газрын төлөөлөгчид ирэх сарын эхний хагаст Бээжин хотыг зорино | ||
Үзсэн: 916 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.