Шууд Chart

Ахмадууд бэлгээ гардаж, хүслээ дайлаа

2014-01-27 16:41:21

Сар шинийн баярыг тохиолдуулан УИХ-ын дарга З.Энхболд болон Тамгын газрын удирдлагууд  олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч уулзан тэдний санал бодлыг сонслоо. УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн, мөн Тамгын газарт ажиллаж байсан 57 ахмадтай. Тэдний 40 гаруй нь өнөөдрийн уулзалтад хүрэлцэн ирсэн байв.

УИХ-ын дарга З.Энхболд ахмадуудад баярын мэнд дэвшүүлээд уламжлалт уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэн саналыг нь сонсож харилцан ярилцлаа. УИХ-ын Тамгын газрын ахмадын хорооны дарга Ш.Ринчин өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаад, ахмад буурлууддаа байнгын анхаарал, халамж тавьж, тэдэнд нэмэгдэл тэтгэвэр тогтоох, мөнгөн тусламж, тэтгэмж олгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг нь ая тухтай өнгөрүүлж амралт, аялал зохион байгуулах арга хэмжээг тогтмолжуулж төрийн бусад байгууллагад үлгэр дууриал болж байдагт УИХ-ын Тамгын газрын удирдлагуудад талархал илэрхийлсэн. Мөн  ахмадын хороо ахмадуудаа шагнал урамшуулалд хамруулах, насны ойг нь тэмдэглэн өнгөрүүлэх, тэднийг алдаршуулах  зэрэг олон талт арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаагаа дурдлаа.
 
 
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн асан Ж.Гүррагчаа, Л.Одончимэд, Д.Мөнхөө, А.Шагдарсүрэн нар УИХ-ын даргад дуулгах санал байна гээд, тухайлбал Ж.Гүррагчаа Улаанбаатар хотын утаа, замын түгжрэл гамшгийн хэмжээнд хүрсэн. Тиймээс Хархорин сум руу нийслэлийг нүүлгэх хэрэгтэй байна гэсэн саналыг хэлсэн бол, Л.Одончимэд нийслэл хотод явган хүний замыг олноор нь барьж байгуулах хэрэгтэй байна гэлээ. Мөн Д.Мөнхөө эх нялхсыг хамгаалсан хууль гаргах  хэрэгтэй байгааг онцлоод, төрөөс нийгмийн баталгаа, гэр бүлийн асуудалд илүү анхаарал хандуулахыг захилаа.
 

Ахмадууд бэлгээ гардаж, хүслээ дайлаа   
Үзсэн: 1385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй