Шууд Chart

Ноён нуруу - Зураглаач

2014-01-28 15:20:15

Сүхбалсан оператор өөрийгөө тун азтай, ховорхон заяатай хүн гэж бодож явдаг нэгэн. Цэргээс халагдсан, шавилхан биетэй, нүдэнд дулаахан бор залууг Монгол киноны гурван өндөрлөг гэгддэг гурван том операторын нэг Дүйнхэр гуай хүүтэй нь үерхэж, гэр орноор нь орж гарч байхад нь түүнийг таньж. “Сайныг дагавал сарны гэрэл” гэдгээр Дүйнхэр гуай нэг л өдөр түүнийг хөтөлсөөр кино үйлдвэр рүү очсон гэдэг. Ингэж л хоёр сая ард түмэн дотор хуруу даран тоолоод ч хоёр зуу хүрэхгүй оператор гэдэг хосгүй мэргэжлийг эзэмшихийн эхлэл тавигдсан гэдэг. Алсдаа мэргэжлээ өвлүүлэх зорилготой байсан Дүйнхэр операторын хүсэл талаар болсонгүй, харин ч “зөв” хүүхэд олж авсандаа сэтгэл хангалуун байлаа. Аливаад няхуур, зүтгэлтэй, мэргэжилдээ авьяастай шавь нь киноны ертөнцөд ёстой л бие сэтгэлээрээ “шумбаад” орчихов. Монголын уран сайхны “Зарлаагүй дайны оршил”, “Тамирын охин”, “Мартагдашгүй намар” кинонд гэрэлтүүлэгч, асситент оператороор, “Үлэмжийн чанар”, “Монгол бөхийн дуулал”, “Таня”, “Отелло”, “Өгөө , аваа” гээд телевизийн олон жүжгийг зураглан урласан энэ эрхэм бол Намсрайн Сүхбалсан. Ид залуухан насандаа МХЗЭ-ийн Төв хорооны “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медалиар шагнагдаж байсан түүний энгэрт одоо “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” гялалзаж байдаг юм.
 
-Хэрлэнгийн хөвөөнд хожуулд хүлүүлчихээд зураг авч явлаа гэдэг чинь сонин, харин хүлэгдсэний учир бүр ч сонин ?
Дүйнхэр гэдэг том оператороор хөтлүүлж Кино үйлдвэрийн босго алхсан болохоор намайг төдийчинээ том итгэл, хариуцлага хүлээж байлаа. Өнөөгийн өндөрлөгөөс эргээд харахад багшийнхаа нэрийг нэг их муугаар гаргаагүйдээ сэтгэл өег явдаг юм шүү. Монгол кино хэмээх том айлд гэрэлтүүлэгч, синхрон техникч, операторын туслахаар 14 жил  ажилласан намайг нэг л өдөр нэрт оператор О.Уртнасангийн туслахаар ажиллуулах болсон юм. Хавтгай, мазаалай, буган хандгай гээд ховор сонин амьтдын тухай хийсэн олон кинонд нь туслахаар ажиллаж, тэр хүнээс мөн ч их юм сурсан даа. Багш маань ном их уншина, зураг авах амьтдынхаа талаар шинжлэх ухааны холбогдолтой бүхий л материалыг судална. Нэг удаа бид Хэнтийн нуруунд буган хандгайн зураг авахаар явлаа. Үүрээр ганцхан удаа усанд орж ирдэг тэр амьтны зургийг авахын тулд намайг Хэрлэн мөрний эрэг дээр хожууланд хөдөлгөөнгүй хүлээд дуранг минь бариулж билээ. Шөнийн 22, 23 цагийн үеэс суулгаад, нар мандахад ирж авна. Бас нэг удаа Алтайн цаадахь говьд хавтгайн зураг авахаар явлаа. Янз бүрийн үнэртэн танартан хэрэглэж болохгүй (үнэртэй ус, саван, тамхи г.м) тэр бүү хэл хиам, консерв ч авч явахгүй шүү дээ. Борц, гурил, ус гурав л найдвартай. 
 
...Нэг удаа бид говийн угалзан шуурганд дайрууллаа. Тогоо шанага, хувцас хунар, дуран авиа бүгд 50-60 см-ийн элсний гүнд булагдчихав. Гэтэл багш маань тун нарийн ухаантай хүн болохоор машин, камер хоёрынхоо хооронд олс татчихаад махны модоо нүүрэндээ бариад л камер байгаа газраа баримжаалж байсан юм. Шуурганы дараа камераа ухаж авсан , хувцсаа олоогүй, харин дараа зун нь ирж олж авч билээ. 
Манай багш чинь нэг шил ус, хоёр ёотонгоор хоёр хонож зураг авдаг тэвчээртэй хүн байлаа. Байгаль дэлхий ёс уламжлал, араатан жигүүртний тухай асар их мэдлэг, мэдээллийг тэр хүн надад өгсөн юм. Наад зах нь машинаас буунгуут гутлаараа шороо хутгана. Шороо хаашаа хийснэ, салхины зүгийг түүгээр мэддэг байж. Түүнээс үндэслэн камераа хаана зоох вэ?, өөрөө хаана суух вэ? гэдгээ хүртэл тодорхойлдог нарийн дэг жаягтай.
 
-Монгол кинонд 14 жил ажилласан, томчуулын туслахаар “шогшиж” байсан хүн чинь яагаад Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн (ВГИК) хаалгыг татаагүй юм бол?
-Тийм азтай тохиолдол таараагүй л юм. Таван жилд ганцхан удаа ирдэг тэр хуваарь өдрийн од л гэсэн үг биз дээ. Гэхдээ ахмад оператор Дүйнхэр, Төрийн шагналт, УГЗ Уртнасан, Төрийн шагналт найруулагч Балжинням, Шаравдорж нарын багт ажиллаж, нэг тогооноос хооллож явсан маань надад урлахуйн их сургууль байсан юм. Унтахын өмнө ч , хоол идэж байхдаа ч  тэдний кино хийх, план тавих тухай ярьдаг байсан нь  бараг хэдэн боть ном уншсанаас ч илүү амьдралтай. Би уран сайхны 13 кино, баримтат 50 гаруй кинонд ажилласан даа.
 
-Таны телевизийн бүтээлийг сонирхъё?
-Телевизэд би яг төрсөн өдрөөрөө ирсэн юм. (1987 оны 2-р сарын 16-нд) Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Бадрах, Бадрууган, Дагвадорж, Ж.Баяраа, Ц.Жагдал,(UBS-д ажиллаж буй) зэрэг олон сайхан найруулагчтай “Таня”, “Отелла”, “Өгөө аваа”, “Монгол бөхийн дуулал”, “Үлэмжийн чанар” гээд, хүүхдийн олон жүжгэнд зураглаачаар ажилласан. Киноноос ирсэн болохоор жүжгийн зураг авахад арай дөхүү л дээ. 
 
-Одоо хоёулаа таны бага нас руу тань орж ярилцъя ?
-Манай аав ээж хоёр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын улс. Би 33-р сургуулийнх. Нэвтрүүлэгч Нарантуяа, оператор Батнягт, Улаанбаатар телевизийн инженер Махбал, найруулагч Өлзийбаяр бид үйлдвэр сургалтын хичээлийг кино үйлдвэр дээр хийдэг байлаа. Гэрэл сүүдэр, павильон, хувцас хунар, жүжигчид гээд кино ертөнц биднийг гайхамшигтайгаар кино, телевиз рүү хөтөлсөн юм. Лодой, Төмөртогтох гуай нар бидний багш шүү дээ. 
Би эцэг эхээсээ есүүлээ. Аав маань цэргийн хүн. Талхны үртсийг газар хаяулдаггүй арвич хямгач хүмүүжлийг бидэнд өгсөн юм. Ээж маань их нямбай. Гэр цэвэрлэсний дараа орны хөлний пүрш юм уу, зургийн жаазны хөвийг цагаан алчуураар арчаад тоосыг нь шалгана. Аливааг гүйцэд бүтэн хийлгэхийг эрхэмлэдэг тийм л зан чанарыг бидэнд өгсөн улс даа. 
 
-Хүнд тэр тусмаа уран бүтээлч хүнд дутуу санагдаад байдаг зүйл байдаг. Таны цаашдын зорилго?
-Ухаан санаа, амьдрал, уран бүтээл тэгширсэн ид насан дээрээ л явж байна. Уртнасан багшийнхаа хийж байсан шиг баримтат киноны замд гарахсан гэж боддог. “Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ” гэдэг сайхан үг бий дээ !.
Зураглаач Сүхбалсан бид хёр мөн ч олон удаа хамт хөдөө явсан даа. “Хутагтууд “ цувралд тэр зураглаач, найруулагчаар ажилласан. Нурууны том хагалгаанд ороод тун удаагүй ч “Хонда” мотор, хүнд камераа үүрээд л Идэр, Тэсийн голын хүйтэн жаварт зураг авч л зогссон. Дорнод, Мэнэнгийн хаалт хаацайгүй их салхинд ч тэр зураг авч л байдаг. Элчилгүй их говийн улайдам халуунд ч тэр зургаа авч л явсан. Түүнд “залхуурлын булчирхай” угаас ургаагүй. Зам мэдэхгүй жолоочид бол луужин, зангий нь мэдэхгүй хүнд “зөөлөн билүү”, холын замд бол найдвартай түшиг, хоёргүй сэтггэлийн уран бүтээлч анд маань. Сар шинийн баярын нэвтрүүлэгтээ л аль цагийн гараад явчихаж...
 
Сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг
 

Ноён нуруу - Зураглаач  
Үзсэн: 2817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
27.117.202.xxx [27.117.202.xxx] 2014-07-07 06:34
Naiziin mini aav. Baxarxaj bna
27.117.202.xxx [27.117.202.xxx] 2014-07-07 06:33
Naiziin mini aav. Baxarxaj bna

Бидэнтэй нэгдээрэй