Шууд Chart

Ажлын байр нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээдэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ төр худалдан авалтаар дэмжинэ

2026-04-21 13:40:20

“Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл батлагдаж, жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор “Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулах дотоодын үйлдвэрийн чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт”-ыг баталсан. Үүний дагуу дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжид дэмжиж, Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулахаар болсон.

Энэ бол төр худалдан авалтаа гадагшаа биш дотоод руу чиглүүлэх, жижиг, дунд үйлдвэрүүдийг бодитоор дэмжих, ингэснээр импортыг орлох бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх зэрэг эерэг үр дүн дагуулах чухал ач холбогдолтой шийдвэр юм. Тиймээс Ерөнхий сайд Н.Учрал дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бараа бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар тэргүүн ээлжид дэмжиж ажиллахыг төсвийн захирагч нарт даалгаад буй.

Засгийн газрын дээрх тогтоолоор төрийн байгууллагууд оёмол бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрүүдээсээ худалдаж авах, тэр дундаа цагдаа, цэрэг зэрэг төрийн тусгай албаны дүрэмт хувцас, сурагчдын дүрэмт хувцас зэрэг оёмол бүтээгдэхүүнүүдийг төрийн худалдан авалтын цахим дэлгүүрт байршуулах юм. Энэ бол олон арван оёдлын үйлдвэрийн ашиг орлого нэмэгдэх, мянга мянган хүн ажлын байр, цалин орлоготой байх нөхцөл, боломжийг бүрдүүлж байгаа алсын хараатай шийдвэр. Төр бол хамгийн том худалдан авагч. Цахим дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүнийг төр сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд худалдан авдгаараа давуу талтай. Харин цахим дэлгүүрт бараа, бүтээгдэхүүний байрлуулахад тодорхой шаардлага, шалгуур босго бий. Засгийн газрын тогтоолоор оёдлын үйлдвэрүүд цахим дэлгүүрт орох боломж нээгдэж байгаа тул төрийн байгууллагууд тэндээс шууд бараагаа сонгож авна. Төр ийнхүү эх оронч худалдан авалтыг манлайлах нь.

Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбар нь ноос, ноолуур, арьс ширэн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон нэмүү өртөг хамгийн их шингээдэг үйлдвэрлэлийн салбар юм. Нөгөө талаар харьцангуй бага хөрөнгө оруулалтаар олон хүний ажлын байр бий болгодог онцлог, давуу талтай. 15 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа энэ салбарт ажиллагсдын 90 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Үүгээрээ нийгэм, эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой. Дотоодын үйлдвэрийн оёмол бүтээгдэхүүнийг төр худалдан авна гэдэг нийгмийн зорилтот бүлгийг бодитоор дэмжиж буй хэрэг юм.

Манай улс оёмол бүтээгдэхүүн хэрэглээнийхээ 8 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр хангадаг. Оёмол бүтээгдэхүүний салбарыг дэмжин, төрийн худалдан авалтын цахим дэлгүүрт оруулсаар дээрх хувь хэмжээ нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий. Оёдлын үйлдвэрүүд өндөр өртөг шингэсэн пальто, куртик, костюм зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой тоног, төхөөрөмжтэй хэдий ч хүчин чадал ашиглалтын түвшин хангалтгүй байгаа. Энэ орон зайг нөхөхөд ч төрийн эх оронч худалдан авалт нөлөөлнө.

Оёмол бүтээгдэхүүний салбарт гутал үйлдвэрлэл тодорхой байр суурь эзэлдэг. Энэ салбарт 1400 орчим хүн ажиллаж, жилд дунджаар 899.9 мянган хос гутал үйлдвэрлэж байгаа нь зах зээлийн тодорхой хэсгийг хангах чадавх бүрдсэнийг харуулж байна. Гутал үйлдвэрлэгчид голчлон тусгай зориулалтын буюу хөдөлмөр хамгааллын гутал үйлдвэрлэдэг. Энэ нь нийт үйлдвэрлэлийн 90 орчим хувийг эзэлж байгаа гэсэн статистик байна. Худалдан авагч нь байвал бүтээгдэхүүн нь бэлэн гэсэн үг.

Оёмол бүтээгдэхүүнийг төр худалдан авснаар ямар үр дүн гарах вэ гэдэгт дээрх тоо, баримтууд хариулт болох байх. Төрийн нэг шийдвэр нийгэм, эдийн засагт ингэж нөлөөлдөг.


Ажлын байр нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээдэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ төр худалдан авалтаар дэмжинэ  
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй