
Монголын яруу найргийн нэгэн сүмбэр оргил, суу билигт найрагч Бавуугийн Лхагвасүрэн Өнжүүлийн цэнхэр уулс, Боржигоны бор талынхаа элгэнд үүрд нойрсов.
Нэрт найрагчийг Өнжүүлийн цэнхэр уулсын сүр бараан дунд эцсийн замд нь үдэж, түүний ухаанаас ургаж, үгийнх нь сүүг “хөхөж” өссөн хайрт хүү, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Лхагвасүрэнгийн Хасар сэтгэлийнхээ уй дууг “асгаж” хэлэв. Суут найрагчийн өвдгийг нь түшиж, ухааных нь гэрэлд шүлгээ тэрлэж суусан хүүгийнх нь аавынхаа алтан шарилд мөргөж хэлсэн үг ийм байв.
Аав аа, таны үр хүүхэд, ач зээ, хамаатан садан, анд нөхөд, шавь нар, таны сэтгэлийн гэрэл гэгээнд татагдсан хүмүүс бүгд өнөөдөр энд цугласан байна.
Бид жамын үүдэнд, хагацлын босгонд зогсч байна. Энэ хагацал биш харин та бидний сэтгэл зүрх, оюун ухаан улам гүн орших гэж гэрэл, сүүдрийн зорсон энэ л агшинг гээлээ хэмээн сэрүүн зүүдэлж зогсоно. Таныгаа молхи бидний тэвэрт эцсийн амьсгалаа отголоход та тэнгэрийг газартай, уулыг устай, зовлонг жаргалтай, нулимсыг инээмсэглэлтэй мэтгэж бичсэн шүлэг, бүтээл бүхэн чинь, зүрхний цохилт, амьсгал бүр чинь бидний ухаарал, аз жаргал, баяр баясгалангийн төлөө байсныг сая л ойлголоо. Мунхаг биднийг өршөөгөөрэй.
Таны ухаанаа асгаж урлаж бүтээсэн номын агуу ертөнц Монгол түмний минь сэтгэл зүрхэнд мөнх оршиж, ухаанаас тань ундарсан тэр ариун ундаргаас Монгол түмэн билэг, оюун ухаанаа хурцалж, үеийн үед дуурсах болно.
Аав аа, таны хэлэх дуртай “Бүтээнэ гэдэг алдаршихаас үнэтэй” гэдэг үгийг санаж бүтээхийн гэгээнд хөтлөгдөж, ариун голомтыг чинь удам залгуулан, өргөж явна аа, үр хүүхдүүд бид чинь.
Аав аа, таньдаа би хязгааргүй их хайртай шүү.
Шамбалын гэгээнд багтаж, сайн төрлийг олж, мөнх бусын тухай бидний бодол ээдрээг тайлж өгөхөөр мөнх тэнгэр өөдөө одсон та минь номын гэгээнд хөтлөх эрдэмт хүмүүн болж, бидэндээ дахин төрөөрэй.
Ум мани бадмэ хум
Л.Хасар: Бид жамын үүдэнд, хагацлын босгонд зогсч байна | ||
Үзсэн: 13332 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.