
БНХАУ-ын Шанхай хотын Хөгжмийн дээд сургуульд магистр хамгаалахаар суралцаж буй хуучирч Э.Цэндсүрэн уран бүтээлийн олз ихтэй байгаа аж. Тэрбээр Монголд өмнө нь тоглож байгаагүй, урд хөршийн хөгжмийн орчинд эрэлттэй орчин үеийн бүтээлүүдээс сонсгох хөтөлбөр бүхий тоглолт бэлтгэж иржээ. Түүний “Дотоод хөрөг” тоглолт энэ сарын 28-нд Улсын филармонийн концертын танхимд болно.
Төгөлдөр хуурч нь Консерваторын багш Б.Золзаяа. Монгол үндэсний хуучир хөгжмийн донж маягийг тааруулан, уянгалуулан, ухааруулан эгшиглүүлдэг залуу хөгжимчинтэй товч ярилцсан юм.
-Тоглохоор сонгосон зохиолууд эрс тэс шинж чанартай болохыг хөтөлбөрт тодотгож өгчээ. Их бодож боловсруулсан нь харагдаж байна. Шанхайн Консерваторын багшийнх нь зөвлөгөө юү?
-Тоглох бүтээлүүдээ өөрөө сонгосон. Хятадад одоо ид сонсож байгаа, орчин үеийн зохиолуудыг голчилж тоглохыг зорьсон. Үндэсний болон сонгодог бүтээл байхгүй. Монголынхоо хөгжмийн зохиолчдоос төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд багшийн хуучирт зориулсан концерт болон хөгжмийн зохиолч Ж.Энхбаярын рапсоди тоглоно.
-Монголын хөгжмийн зохиолчид хуучирт тэр бүр зориулж бичдэггүй гэдэг байсан. Одоо байдал ямар байна?
-Зохиол элбэг байгаагүй. Харин сүүлийн үед хэд хэдэн концерттой болсон. Концертын аязууд ч зохиосон байна билээ. Жишээ нь Америкийн хөгжмийн зохиолч Ж.Гершвиний бүтээлийг дэггүй, С.Соронзонболдын концертыг эрэмгий, хөгжмийн зохиолч К.Сен-Сансын рондог эрхэмсэг, Хятадын хөгжмийн зохиолч Жин Фу Зайн хөгжмийг дулаахан гэх зэргээр тодотгожээ. Эгшиглүүлэх өнгө аяс тодорхой ч юм шиг.
-Энэ удаагийн тоглолтоор хөгжимдөх техникт анхаарахаас илүү мэдрэмжээ илэрхийлэхийг хүссэн. Хөгжмийн зохиолчийн санааг сайтар ойлгож, өөрийнхөө дотоод мэдрэмжийг тоглолтоороо дамжуулан гаргахыг чухалчилж байгаа юм. Зохиол тус бүр өөр өөр хэмнэлтэй. Хятадын гурван хөгжмийн зохиолчийн бүтээлийг төгсгөлд нь тоглоно. Хөгжмийн зохиолч Ли Богийн “Зүүдэнд униартах хязгаар” гэдэг бүтээл л гэхэд “Миний нутаг, ганцхан минийх” гэж шивнэх шиг, сайхан нутгаа бусдаас харамлан хайрлах мэт сэтгэгдэл төрөхүйц зохиол. Үүнийг тоглоход тийм нэг аминчхан, тэрүүхэндээ амь нэгтэй найзууд юм уу, хөршүүдийн тухай өгүүлээд байгаа ч юм шиг санагддаг.
-Сонирхолтой юм. Сонсохгүй өнгөрч боломгүй санагдлаа.
-Тоглолтын зөвлөхөөр залуус Куш хэмээх нэрээр нь залуус таньдаг З.Энхмөнх ах ажиллаж байгаа. Ер нь миний тоглолтуудад байнга зөвлөж, дэмжиж ирсэнд нь их баярладаг.
-Таны дүр төрхөд санаа тавьж, санаанд оромгүйгээр будаж тайзнаа тэс өөр хүн мэт гаргаж байсан ч удаатай. Энэ удаа харин даруухан байлгахыг хүсчээ дээ.
-Тийм ээ.
Элдэвтэй, эгдүүтэй хуучир хөгжмийн үдэш айсуй | ||
Үзсэн: 1581 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.