Шууд Chart

“Нууц” нь, “Үнэн” нь хаана байгааг жүжгийн өрнөлөөс мэдэгдэнэ

2019-02-22 11:22:45

Нэр төртэй төрийн түшээ, сайд Архайтай хөрөг ярилцлага хийхээр тохирсон сэтгүүлч бүсгүй Итгэл сайдын гэрт очиж буйгаар энэхүү жүжиг эхэлнэ. Аав ээж, нутаг ус, амьдралын замналаа Архай сайд Итгэлтэй илэн далангүй хөөрөлдөж сэтгэл уярам түүхийг өгүүлнэ. Гэвч тэдний энэ удаагийн уулзалт сайдын гэрт гэнэтийн зочид ирэх сургаар аргагүйн эрхэнд тасалдахад хүрч ярилцлагаа маргаашийн өдрийг хүртэл түр хойшлууллаа.

Маргааш өдөр нь Итгэл сайдын гэрт дахин зочилоход өчигдөр өөртэй нь уулзсан тэр хүн төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн байх нь тэр. “Ийм л хүн түмэн олны итэлийг дааж төрийн түшээ бололгүй ч яах вt дээ” гэж бодож байсан Итгэлийн урам зориг, бахархал, хүндлэл салхинд туугдах мэт хийсэн одож, Архай сайдын ярьж хэлсэн бүрийн алинд нь чухам “үнэн” оршиж байгааг тааварлаж мэдэхийн эцэсгүй байдалд оруулж, энэ хүн чухам хэн юм бэ? гэсэн эцэс төгсгөлгүй таавар тайлалын өмнө түүнийг аваачив.

“Нууц” нь, “Үнэн” нь хаана байсныг жүжгийн өрнөлөөс мэдэж болох юм.  

Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” хэмээх энэхүү зохиолоор Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Бүсгүйн зурвас” жүжгийг тайзнаа найруулан ирэх гуравдугаар сарын 1-нд үзэгчийн хүртээл болгохоор төлөвлөж байна.

Жүжгийн баг хамт олон:

Найруулагч УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар

Зураач УДЭТ-ын ерөнхий зураач, Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг

Дүрүүдэд

Архай - С.Болд-Эрдэнэ, Б.Жаргалсайхан

Итгэл - Б.Золзаяа

Туяа - Г.Урнаа, Ж.Оюундарь

Ирээдүй - Б.Шинэбаяр

Номин - Д.Асардарь

Сонины эрхлэгч - С.Сарантуяа

Болд - Л.Дэмидбаатар

Дорж - Ж.Пүрэвдорж

Нарангоо - П.Мягмарсүрэн нар болон театрын залуу уран бүтээлчид

Жүжиг мэт амьдралд – Амьдарч буй мэт жүжиглэсээр орших...

“Бүсгүйн зурвас” хэмээх энэхүү жүжигт хүний мөн чанар, ёс зүй, үнэ цэнэ, хайр сэтгэл, итгэл үнэмшил хийгээд өнөө цагийн нийгмийн хүрээн дэхь ил далд оршин байх олон асуудлыг хөндөн өгүүлэх аж.

Жүжиг гуравдугаар сарын 1-ээс 15 хүртэл УДЭТ-ын тайзнаа тоглогдох юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Нууц” нь, “Үнэн” нь хаана байгааг жүжгийн өрнөлөөс мэдэгдэнэ   
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй