
УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 оны 3 дугаар сарын 11-ээс 15-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар албан ёсны айлчлалынхаа хүрээнд Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттитай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын парламент-Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, парламентын дэгийн зохицуулалттай танилцана. Мөн энэ үеэр тохиож буй Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар албан ёсны айлчлалын хугацаанд хэд хэдэн удаагийн уулзалт хийж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох бөгөөд Швейцарийн Холбооны Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Төрийн зөвлөлийн Гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбарди, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвил, Сангийн яамны Олон улсын санхүү хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел нар Монгол УИХ-ын даргад бараалхана.
УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү нар болон албаны зарим хүмүүс багтжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо | ||
Үзсэн: 1089 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.