Шууд Chart

Монголын багаас анхны медалиудыг жүдочид хүртлээ

2019-03-18 15:35:05

Тусгай олимпийн Зуны 15 дахь удаагийн наадам АНЭУ-ын Абу Даби хотноо болж байна. Олимпийн хоёр дахь өдөр жүдогийн эмэгтэйчүүдийн -57 кг-ийн жинд барилдсан Э.Бямбажаргал болон эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд барилдсан Ө.Амарсанаа нар хүрэл медаль хүртэж Монголын багийн медалийн салхийг хагаллаа. Манай улсаас жүдогийн төрөлд таван тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тэд бүгд нэгдүгээр ангилал буюу жиндээ ур чадвараараа хамгийн сайн тамирчидтай өрсөлдөж буй. Тиймээс энэхүү хүрэл медаль багагүй хүч хөдөлмөрөөр бидэнд ирлээ.

Ангийнхаа амжилтыг ахиулсан спортлог охин

Манай багт орон нутгаас долоон тамирчин багтсан. Тэдний нэг нь Э.Бямбажаргал юм. Хэр барагтаа л амнаасаа үг унагаахгүй, тайван дөлгөөн энэ охин Завхан аймгийн дөрөвдүгээр сургуулийн тусгай ангид сурдаг аж. 17 настай түүний хувьд олимпийн наадамд өрсөлдсөн тамирчдаасаа насаар хамгийн бага нь байлаа. Тусгай олимпийн наадмын УАШТ-нд түрүүлсэн түүнийг Тусгай олимпийн наадамд явуулахаар сонгосон талаарх мэдээг албаны хүмүүс ээжид нь хамгийн анх дуулгасан байна. Охиноосоо дутахгүй баярлаж байсан ээждээ медаль авсан талаараа дуулгахаар яарч буй нь илт. Мөн Ө.Бямбажаргал маань энэхүү амжилтад хүрэхэд тусалсан Завхан аймгийн Тусгай хэрэгцээт боловсролын багш Оломбаяртаа баярлаж буйгаа биднээр дамжуулахыг хүссэн юм.

Ө.Бямбажаргалын хувьд ангидаа есүүлээ. Бүгд спортоор хичээллэдэг бөгөөд ангийн найз болох Оюунбилэг нь Тусгай олимпын өвлийн наадмаас хос медаль хүрэж байжээ. Тэрбээр медалиа гардан аваад ангийнхаа медалийн тоог нэгээр нэмсэндээ маш их баярлаж буйгаа хэлсэн. Ө.Бямбажаргал жүдогоор барилдаад зогсохгүй гүйлт, уран гимнастикаар хичээллэдэг. Улсдаа чамлахааргүй амжилт үзүүлээд буй спортлог охин юм.

Үргэлж инээмсэглэдэг Амараа

Тусгай олимпийн наадамд оролцохоор ирсэн Монголын багийн хамгийн биерхүү нь Ө.Амарсанаа. Амараа байнга л инээмсэглэж явдаг нэгэн. Олон үг ярьж, тэр бүр сэтгэгдлээ хэлээд байдаггүй түүнтэй тухлаад яриа өдвөл ямар л бол ямар сэдвээр жинтэйхэн дуугарч чаддаг юм. Юу ч болсон уурлаад шатаад байдаггүй зан нь түүнийг ноён нуруутай мэт харагдуулдаг ч Амараа одоо 20 настай.

Жингийнхээ шилдгүүдтэй хүч үзэж, хүрэл медаль хүртсэндээ итгэж ядах түүний хувьд өрсөлдөгчид нь хүчтэй, бас жингээр илүү байлаа.

“Миний авга ах намайг Тусгай олимпийн хороотой холбож өгсөн. Манай ах шүдний эмнэлэгтэй. Тэндээ Тусгай олимпийн хорооны тамирчдын шүдийг үнэ төлбөргүй эмчилж өгдөг” хэмээн ярьсан түүний хувьд 2016 оноос эхэлж жүдогоор хичээллэжээ. Энэ талаараа “Манай аав намайг жин нэмээд байсан учраас ахтай маань хамт жүдогоор хичээллүүлсэн” гэв.

Амараа 2018 онд “Улаанбаатар марафон” тэмцээнд оролцож, тусгай олимпын тамирчдаа манлайлан түрүүлжээ. Энэ үйл явдал түүнийг хурцалж, жүдогоороо эрчимтэй бэлтгэл хийх урам зоргийг өгсөн байна. Тэрбээр өнгөрсөн жил Азарбайжаны нийслэл Баку хотноо болсон Тусгай олимпийн хорооны “Залуу манлайлагч” хөтөлбөрт хамрагдсан байна. Энэ үед жүдогийн ДАШТ болж таарсан тул өөрийн барилддаг жин болох -100 кг-ийн жингийн барилдааныг үзэж, жүдоч Ө.Дүүрэнбаяртай гар барьсан байна. Энэ нь түүний хувьд мартагдашгүй мөч байсныг Амараа Тусгай олимпийн хүрэл медаль хүртсэнийхээ дараа ярьсан.

Амараа 84 дүгээр сургуульд есдүгээр анги хүртлээ сурч төгсжээ. “Хичээлээ ойлгохгүй муу байсан болохоор хүүхдүүд их шоолно. Гэхдээ багш нар маань намайг их дэмждэг байсан. Би мэдээлэл зүйн хичээлдээ хамгийн сайн байсан” хэмээн ярьсан түүний хувьд жүдогийн дасгалжуулагч болох мөрөөдөлтэй. “Том заал бариад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд багшилна. Тэднийг бие бялдар, оюун санаагаа хөгжүүлэхэд нь нь туслах мөрөөдөлтэй” гэсэн юм. Түүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд байнга тэмцээн уралдаан зохион байгуулагддаггүй учраас өөрийгөө сорьж чаддаггүй нь хамгийн хэцүү зүйл аж. Тиймээс “Дасгалжуулагч багш болоод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд олон тэмцээн уралдаан зохион байгуулна” хэмээн ярьсан.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын багаас анхны медалиудыг жүдочид хүртлээ  
Үзсэн: 563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй