
Тусгай олимпийн зуны 15 дугаар наадам АНЭУ-ын Абу Даби хотноо болж байна. Өчигдөр манай багийн ес дэх медалийг жүдогийн эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд барилдсан Э.Билгүүн хүртлээ.
Монголын багт жүдогийн таван тамирчин багтсан бөгөөд тэд бүгд жингийнхээ нэгдүгээр ангилалд багтсан. Өөрөөр хэлбэл ур чадвараар хамгийн шилдэг тамирчидтай барилдаан хийсэн юм. Э.Билгүүний хувьд ширүүн барилдаанууд хийж мөнгөн медаль хүртлээ.
Ийнхүү жүдогийн тамирчид тэмцээнээ өндөрлүүллээ. Тэд хоёр мөнгө, хоёр хүрэл, нэг шагналт тавдугаар байрт шалгарсан бахдам амжилт үзүүлсэн юм.
Э.Билгүүн одоо 18 настай. Тэрбээр 63 дугаар тусгай сургуулийг төгссөн бөгөөд тавдугаар ангиасаа эхлэн жүдогийн спортоор хичээллэжээ. Тусгай олимпын наадамд оролцохоосоо өмнө тэрбээр Хан-Уул дүүргийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд орж, медалийн төлөө өрсөлдсөн бөгөөд манай багийн жүдочдоос хамгийн эрэмгий барилддаг нь.
Э.Билгүүн 63 дугаар сургуулиа төгсөөд Хүнсний технологийн коллежийг тогооч мэргэжлээр дүүргэжээ. Гэхдээ цаашид жүдогийн мундаг тамирчин болж, амжилтаа ахиулах тэмүүлэлтэй байгаа талаараа ярьсан юм.
Тусгай олимпийн наадамд зорин ирсэн түүний хувьд анх удаа гадаад явж үзэж байгаагаа ярьсан. “Онгоцонд анх удаа суухад ч эвгүй байсан шүү. Одоо харихад гайгүй байх аа” гэх хүүгийн хувьд энд өнгөрүүлсэн өдрүүд, уйгагүй бэлтгэлийн хүчээр авсан мөнгөн медаль үнэ цэнэтэй. Цаашид мөрөөдлөө биелүүлэхэд нь жигүүр болох биз ээ.
Тусгай олимпийн наадмаас монгол тамирчид ес дэх медалиа авлаа | ||
Үзсэн: 558 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.