Шууд Chart

Монголын залуу судлаачийн өгүүлэл Олон улсын гидрогеологичдын холбооны сэтгүүлд хэвлэгдлээ

2019-03-19 16:24:21

Монголын залуу судлаачийн өгүүлэл анх удаа Олон улсын гидрогеологичдын холбооны сэтгүүлд хэвлэгдлээ. Олон Улсын Гидрогеологичдын холбоо нь 1956 онд байгуулагдсан ба 132 орны 4000 гаруй гишүүдийг өөртөө нэгтгээд байна. 

Тус холбооноос эрхлэн гаргадаг "Hydrogeology Journal" сэтгүүл нь газар доорх усны нөөц, менежмент, хамгааллын салбарт ажиллаж байгаа эрдэмтэд, инженер, мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний өгүүллийг хэвлэн нийтэлдэг гол сэтгүүл юм. Энэхүү сэтгүүл нь 1992 оноос хойш хэвлэгдэж эхэлсэн бөгөөд эдүгээ дэлхий даяар олон мянган уншигчдын хүртээл болоод байна.

Өнгөрсөн долоо хоногт тус сэтгүүлийн 27 дахь ботид ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн багш, доктор (Ph.D) Б.Батдэмбэрэлийн (1-р зохиогч)  "Construction of a conceptualmodel for confined groundwater   flow   in   the   Gunii   Khooloi   Basin,   Southern   Gobi   Region, Mongolia"  сэдэвт өгүүлэл хэвлэгджээ.

Өгүүллийг хэвлэгдсэнээс хойш долоо хоногийн дотор 67 удаа татсан байгаа нь түүний судалгааны ажил олон улсын эрдэмтдийн анхаарлыг татаж байгааг илтгэж буй юм. Монгол орны хуурай, өмнөд говийн бүсэд газар доорх ус нь чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд усан хангамжийн цорын ганц эх үүсвэр юм.

Үүний нэг томоохон жишээ нь, "Оюутолгойн уурхайн бүтээн  байгуулалт,  олборлолт, ашиглалтын үйл  ажиллагаанд  Гүний  хоолойн  газар   доорх   усны ордыг усан хангамжийн эх үүсвэр болгон ашиглаж байна. Тус бүс нутагт уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай ашиглалттай холбоотойгоор газар доорх  усны тэжээмжийн горимд өөрчлөлт орж болзошгүйг судлаачид сануулсаар   буй.   Газар   доорх   усны   ордын   гидрогеохимийн   хувьсал, өөрчлөлтийг ойлгох нь усны нөөцийн менежментэд чухал ач холбогдолтой юм.

Гүний хоолойн газар доорх усны ордын химийн найрлага, гарал үүсэл, нас, уст давхаргын хоорондын холбоо, ордын тэжээмжийн мужийг тодорхойлохдоо тус ордод гидрогеохимийн болон изотопын аргыг анх удаа хэрэглэсэн нь энэхүү судалгааны шинэлэг тал, онцлог болжээ. Судалгааны үр дүнд Гүний хоолойн газар доорх усны ордыг эртний далайн гаралтай ус болохыг тодорхойлсон нь тус бүс нутагт газар доорх усны ашиглалтын менежмент, нарийн  стратеги, төлөвлөгөө зайлшгүй хэрэгцээтэйг харуулж байна.

Б.Батдэмбэрэл нь энэ  сэдвийн хүрээнд  хийсэн   туршилт,  судалгааны  ажлаа   олон  улсын эрдэм шинжилгээний  хуралд  хэлэлцүүлсээр  байна.  Тухайлбал,  2018  оны есдүгээр сард зохион байгуулагдсан Олон Улсын Гидрогеологичдын холбооны “Газар доорх ус ба Амьдрал: Шинжлэх ухаан, Технологийн үйлдэл болох нь” сэдэвт 45-р Их хуралд "Гүний хоолойн газар доорх усны гарал үүсэл ба гидрогеохимийн хувьсал" сэдэвт илтгэл  хэлэлцүүлжээ.   

Тус илтгэл нь Олон улсын гидрогеологичдын холбооны Залуу гидрогеологичдын шилдэг илтгэлээр шалгарсан байна. Тэрбээр 2019 оны хоёрдугаар сарын 6-нд Япон улсын Тохоку Их сургуулийн Хүрээлэн буй орчин судлалын сургуульд “Газар доорх усны ордын гарал үүсэл болон урсгалын чиглүүлэх загварыг гидрогеохимийн болон изотопын аргаар судлах нь” сэдвээр докторын зэргээ амжилттай хамгаалсан ба одоо Япон улсын Геологийн Судалгааны  Хүрээлэнгийн Газар доорх усны нөөцийн судалгааны багт судлаачаар ажиллаж байна. 

Нийтэлсэн: М.Золзаяа

Монголын залуу судлаачийн өгүүлэл Олон улсын гидрогеологичдын холбооны сэтгүүлд хэвлэгдлээ   
Үзсэн: 2710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Баярхүү Энхбаяр [127.0.0.xxx] 2019-03-27 20:57
Ахдаа ажлын амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2019-03-25 17:54
Дээд цэрдийн үед монголд тэнгис байгаагүй зөвхөн эх газрын бараг хаагдмал нуурууд байсан
Анхбаяр [127.0.0.xxx] 2019-03-24 17:06
Мундаг шүү миний найз
Зочин [127.0.0.xxx] 2019-03-21 11:05
Амжилт хүсье! Мундаг байна.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-20 17:15
Ymar mundag ym be ulam iluu amjilttai ajlaarai
Зочин [127.0.0.xxx] 2019-03-20 17:14
Amjilt husey. Mundag baina
Зочин [127.0.0.xxx] 2019-03-27 21:36
sain bn mundag huu shuu a.jilt husie duude

Бидэнтэй нэгдээрэй