МҮОХ-ны хамтын ажиллагааны хүрээнд Азийн Олимпын Зөвлөл (OCA), Олон улсын тэшүүрийн холбоо (ISU)-ноос хамтран зохион байгуулж буй өсвөрийн тамирчдын олон улсын бэлтгэл цугларалтад хамрагдахаар Монгол Улсаа төлөөлөн шорт-трекийн тамирчин Б.Пүрэвбаатар (Хөвсгөл аймаг), Н.Баасанжаргал (Хөвсгөл аймаг) нар дасгалжуулагч А. Биндэръяагийн хамт БНХАУ-ын Харбин хотыг зорилоо.
АОЗ-ийн гишүүн ҮОХ-дын дунд өвлийн спорт, тэр дундаа тэшүүрийн төрлүүдийн хөгжлийг дэмжих зорилготой энэхүү тивийн хэмжээний хөтөлбөр 2026 оны долоодугаар сарын 19–27-ны өдрүүдэд Харбин хотноо үргэлжилнэ.
Уран гулгалтын төрөл үргэлжлүүлэн 7 сарын 27-ноос 8 сарын 4-ны өдрүүдэд болох бөгөөд тамирчин М.Цэлмэг, дасгалжуулагч Д. Мөнхцэцэг нар оролцоно.
Тэд мөсөн дээрх техникийн ур чадвар, уралдааны тактик, стратегийн төлөвлөлт, бие бялдар болон сэтгэлзүйн бэлтгэлийг цогцоор нь сайжруулах сургалтад хамрагдах юм.
Мөн дасгалжуулагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, улс орнуудын туршлага солилцоог өргөжүүлэх, ирээдүйн өндөр амжилтын спортын хөгжлийн суурийг бэхжүүлэхэд энэхүү хөтөлбөр чиглэж байна.
Бэлтгэл сургуулилтыг БНСУ, БНХАУ, АНУ, Унгар, Канад зэрэг улсын үндэсний шигшээ баг, Олимпын багт ажиллаж байсан туршлагатай БНСУ-ын ахлах дасгалжуулагч Жэ Су Чүн, БНХАУ-ын шорт трэйкийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Лина Жан нар удирдан явуулах бөгөөд тэд олон улсын түвшний арга зүй, өндөр гүйцэтгэлийн бэлтгэлийн туршлагаасаа залуу тамирчид, дасгалжуулагчидтай хуваалцана.
Монголын багийн энэхүү оролцоо нь өсвөрийн тамирчдын ур чадварыг олон улсын түвшинд хөгжүүлэх, өвлийн спортын хүний нөөцийг бэхжүүлэх, мөн түүнчлэн "Dolomiti Valtellina 2028" залуучуудын өвлийн олимпын наадам болон тив, дэлхийн тэмцээний бэлтгэлийг хангахад чухал ач холбогдолтой юм.
| Өсвөрийн тамирчид өвлийн спортын олон улсын бэлтгэлд хамрагдана | ||
| Үзсэн: 140 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.