Шууд Chart

Тусгай олимпоос гурван алт, долоон мөнгө, найман хүрэл медаль хүртлээ

2019-03-21 11:07:50

АНЭУ-ын Абу Даби хотноо дэлхийн 190 гаруй орны 7500 орчим тамирчин чуулж, Тусгай олимпийн наадамд өрсөлдөж байна. Дэлхий нийтээрээ Абу Даби руу хот руу хараа чиглүүлж байгаа энэ үед Монголын баг тамирчид ч том амжилт гаргалаа. Оюуны бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг бусдаас өөр биш гэдгийг тунхагладаг Тусгай олимпийн наадам анх байгуулагдсан цагаас хойш 50 жилийн хугацаа өнгөрчээ. Зуны 15 дахь наадам АНЭУ-ын Абу Даби хотоо боллоо.

Манай улсын баг тамирчид энэхүү Тусгай олимпоос гурван алт, долоон мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа.

Бүжгийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Энэ удаагийн тусгай олимпийн наадмаар бүжгийн уралдаан анх удаа зохион байгуулагдаж буй. Ирэх олимпийн үеэр үндсэн төрөлд оруулахаар туршилт хийж буй нь энэ.

Энэхүү тэмцээнд манай улсаас дэмжин тоглогчтой төрөлд Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн нар оролцож хүрэл медаль хүртлээ. Охид маань үндэсний хувцсаа өмсөж, дэлхийн тайзнаа өв соёлоо сурталчилж чадсан. Энэхүү тэмцээнийг анх удаа зохион байгуулж буй тул Тусгай олимпийн наадмын зохион байгуулагчдын зүгээс маш их анхаарал хандуулж буй нь илт байсан. Учир нь бүжгийн дэлхийн аваргууд, олон улсын шүүгчид энэхүү тэмцээнийг шүүн явуулснаас гадна Тусгай олимпийн хорооны дарга Тим Шрайвер хүрэлцэн ирж үзэж, медаль гардуулсан юм.

Хөлбөмбөгчид хүнд тоглолтуудыг даван гарч мөнгөн медаль хүртлээ

Монгол Улсын баг анх удаа Тусгай олимпийн наадамд хөлбөмбөгийн төрлөөр өрсөлдлөө. Багийн спортын төрлөөр өрсөлдөхөд гол шалгуурын нэг бол багийн олонхийг оюуны бэрхшээлтэй тамирчид бүрдүүлсэн байх ёстой. Тэмцээний үеэр нэг талдаа 20 минут нийт 40 минут тоглодог бөгөөд нэг тамирчин талбай дээр 10-аас илүү минут тоглосон байх ёстой. Багийн “онцгой” тамирчид голчлон тоглоно. Бусад нь дэмжин тоглогчийнхоо үүргийг гүйцэтгэнэ гэх зэргээр нарийн дүрэм журамтай.

Манай багийнхан Абу Даби хотод ирээд сорилго тэмцээнтэй нийлээд долоон удаагийн тоглолт хийсний эцэст аваргын төлөө Пакистанчуудтай өрсөлдөхөөр болов. Маш хүчтэй өрсөлдөөн өрнөж, 1:0 ээр ялагдал хүлээсэн ч, хөлс хүчээ гаргаж авсан мөнгөн медаль үнэ цэнэтэй байлаа.

Манай хөлбөмбөгийн багийн бүрэлдэхүүнд хоёр эмэгтэй тоглогч багтсан. Дэмжин тоглогчдын хувьд анх удаа оюуны бэрхшээлтэй хүнтэй ойртож буй залуус байхад олон жил эдгээр хүмүүст урам зориг өгч, хамт бэлтгэл сургууль хийдэг туршлагатай нь ч байлаа. Тэд энд өнгөрүүлсэн 15 хоногт бие биедээ дасаж, нэг нэгнээ хүндэлж, дэмжиж “хөгжлийн бэрхшээл” гэх “хана”-ыг үгүй хийж байгаа нь юу юунаас илүү шагнал билээ.

Бадминтоны төрлөөр нэмж мөнгө, хүрэл медаль хүртлээ

Хамгийн түрүүнд эхлээд, хамгийн сүүлд дууссан спортын төрөл бол бадминтон байлаа. Манай улсаас ганцаарчилсан, хосын, дэмжин тоглогчтой төрөлд оролцсон юм. Тусгай олимпийн наадмын сүүлийн өдөр хосын төрлөөс М.Оргил, Б.Мягмарнаран нар мөнгөн медаль хүртлээ.

Харин дэмжин тоглогчтой хосын төрлөөс Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн нар хүрэл медаль хүртсэн юм. Б.Мягмарнарангийн хувьд энэ удаагийн Тусгай олимпийн наадамд оролцож буй тамирчдаас хамгийн олон медальтай тамирчин болж байна. Тэрбээр бадминтоны ганцаарчилсан төрлөөс хүрэл, хосын төрлөөс мөнгө, дэмжин тоглогчтой төрлөөс хүрэл медаль авсан. Мөн бүжгийн төрлөөс хүрэл медаль хүртсэн юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Тусгай олимпоос гурван алт, долоон мөнгө, найман хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 2060 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-21 17:40
gaihaltai ta naraaraa baharhaj bn ulam ih amjiltiig husie

Бидэнтэй нэгдээрэй