Шууд Chart

55 шилдэг найрагчийн хөргийг 25 зураач зурж, үзэсгэлэн гаргажээ

2019-03-21 13:14:22

Монголын сумдаас анх удаа уран зургийн галерейтэй болсон Өндөр гэгээн Занабазарын төрсөн өлгий нутаг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын төвд нээгдсэн “Бурхан бумбын орон” уран зургийн галерейд нэгэн шинэ үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Өндөр гэгээн Занабазарын нутгийн энэхүү галерейд 2019 оны гуравдугаар сарын 11-нд Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн нараас эхлээд үе үеийн 55 шилдэг найрагчийн хөрөг зургийг  Монголын дүрслэх урлагийн манлайлал болсон 25 зураач зурж, хамтарсан “Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэн нь Монголын Зохиолчдын Эвлэлийн түүхт 90 жилийн ойд зориулан дэлгэгдсэн юм.

Энэхүү “Бурхан бумбын орон” галерейг үүсгэн байгуулах сэдэл, санаачилгыг Есөн зүйл сумын уугуул зураач С.Чулуунбаатар гаргаж ийнхүү биелэлээ олж өмнөх нийгмийн үед сум нэгдлийн захиалгаар зураачид очиж зурж, бүтээсэн тухайн нутаг орны зургуудаас гадна орчин цагийн нэртэй зураачид бүтээлүүдээ энэхүү галерейд бэлэглэснээр сан хөмрөг бүрдсэн ажээ.

“Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэнгийн нээлтэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын мэргэжилтэн Г.Ариунзаяа, галерейг үүсгэн байгуулагч, зураач С.Чулуунбаатар болон Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж нарын албаны хүмүүс Монголын Зохиолчдын Эвлэлийн яруу найргийн Үндэсний төвийн тэргүүн, “Утга зохиол урлаг” сонины эрхлэгч Ж.Баяржаргал, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч А.Лхагва нар оролцжээ.

Энэ үеэр сумын дунд сургуулийн сурагчдын дунд яруу найргийн наадам болж нийт 70 шахам сурагч бүтээлээ ирүүлсэнээс 11а ангийн сурагч У.Дэжидмаа тэргүүн байр эзлэв. 

“Энэхүү галерей нээгдсэнээр тус сумын ард иргэд, хүүхэд гоо зүйн боловсрол, танин мэдэхүй, манай аялал жуулчлалын салбарт ч онцгой өөрчлөлт гарна. Энэ галерейгаа түшиглээд төрөл бүрийн сургалт зохион байгуулна. Галерейг сэдэж санаачилсан зураач Чулуунбаатартаа талархаж байна” гэж Есөн зүйл сумын Засаг дарга Д.Мөнхбаяр хэллээ.















Нийтэлсэн: У.Баярсайхан

55 шилдэг найрагчийн хөргийг 25 зураач зурж, үзэсгэлэн гаргажээ  
Үзсэн: 1814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй