
Иран улс Израйлын Ерөнхий сайдын эхнэр, хүүхдийн утсыг чагнасан хэмээн Саудын Араб мэдээлжээ. Израйлын хэвлэлүүдэд энэ тухай Саудын Арабын талын мэдээллийг баримт болгон нийтэлсэн байна.
Ингэхдээ “Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн яриаг сонсох зорилгоор түүний эхнэр Сара Нетаньяху, хүү Яийр Нетаньяху нарын утсыг Ираны талаас хакердаж сонссон” гэж мэдээлэв. Мөн энэ явдал хэдэн сарын өмнө болсон. Харин ямар мэдээллийг нь нууцаар сонссон бэ гэдэг нь тодорхойгүй байна гэж "Иерусалем пост" мэдээлжээ.
Мэдээлэл гарсны дараа Израйлын Ерөнхий сайдын ажлын албанаас “Ийм зүйл огт болоогүй” гэж мэдэгдсэн байна. Мөн Израйлын Дотоодын аюулгүй албанаас үнэхээр ийм явдал болоогүй гэж Ерөнхий сайдынхаа ажлын албаны мэдэгдлийг дэмжжээ.
Харин Израйлын парламентийн гишүүн эмэгтэй “Гэр бүлийнхээ гишүүдийн утсыг хакердуулахаас сэргийлж чадаагүй Ерөнхий сайд бүхэл бүтэн улсын аюулгүй байдлыг хариуцахыг хүслээ гэж үү” хэмээн "твиттер" хуудсандаа бичсэн байна.
Үүнээс өмнө Израйлын шинэхэн байгуулагдаад байгаа "Цэнхэр, цагаан нам"-ын дарга Бенни Ганзийн утасны яриаг Ираны талаас хакердсан гэж Израйлын Дотоодын аюулгүй байдлын газар мэдээлээд байсан юм байна.
Гэхдээ энэ хэрэг хэдэн жилийн өмнө болсноос гадна удахгүй болох сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах зорилготой гаргаж ирсэн мэдээлэл гэж буруутгаж буй юм байна.
Израйлын Ерөнхий сайдын эхнэр, хүүхдийн утсыг чагнасан гэв | ||
Үзсэн: 534 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.