Шууд Chart

Нийслэлийн ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль болж, өнөөдөр сурагчдаа угтан авлаа

2026-09-01 12:35:51

Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийг “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль болгосон. Тэгвэл өнөөдөр тус сургууль сурагчдаа угтан авч, нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар оролцлоо.
 
Ногоон сургууль: 57 дугаар сургууль зөвхөн халаалт, цахилгаандаа жилд 307 сая төгрөг зарцуулж иржээ. Одоо 50 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 46.8 кВт-ын батарей хуримтлуурын системтэй болсон. Ингэснээр зөвхөн эрчим хүч хэрэглэдэг бус, тодорхой хэмжээнд цахилгаан үйлдвэрлэж, хуримтлуулдаг болж байна.
 
Цахилгаан, дулаанаас хэмнэсэн зардлаа анги танхимын дотоод агаарын чанар сайжруулах, эко орчин бүрдүүлэх, гадна талбайн аюулгүй байдлыг хангахад зарцуулах боломж бүрджээ. Мөн хүнсний 40 кг органик хог хаягдлаас ойролцоогоор 20 кг бордоо гаргах боломжтой компостын шийдэл нэвтрүүлсэнээ сурагчид Ерөнхий сайдад танилцуулав. Сургуулийн нийт талбай 3,200 м². Шинээр 1,253 м² талбайг зүлэгжүүлжээ.
 
Ухаалаг сургууль: Сургууль нийт 402 "Chromebook"-тэй болж, биологи, математик, физик гээд хүссэн хичээлээ 3D хэлбэрээр үзэх боломж бүрдэв.
 
Эрүүл сургууль: Ургамал 18–21 хоногт ургах боломжтой гидропоник системтэй. Нэг ангид хоёр төхөөрөмжтэй. Энэ нь 25–30 хүүхдийн 7–10 хоногийн шим тэжээлийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүн ургуулах боломжтой юм. Одоогоор таван ангид 10 төхөөрөмж суурилуулжээ. Гадна агаарын чанарыг хэмжих 1 IQAir, дотор агаарын чанарыг хэмжих 6 IQAir төхөөрөмжтэй.
 
Ангиудад 43 м² талбай цэвэршүүлэх хүчин чадалтай агаар цэвэршүүлэгч суурилуулсан. Нэг ангийн дундаж хэмжээ 33 м² орчим тул хүчин чадлын хувьд нэг төхөөрөмж ангийн агаарын чанарыг бүрэн хамарна. Ус цэвэршүүлэгч, аяга сав ариутгалын шийдлүүдийг нэвтрүүлж, будаг засвараас эхлээд хүүхдийн өдөр бүр хэрэглэдэг орчныг эрүүл болгоход анхаарсан байна.
 
Аюулгүй сургууль: “Гэрт ойрхон сургууль”. “Буух түр цэг- нийтийн зогсоол”-ын тохижилттой. Сургууль ухаалаг хаалгатай. Гадаа 14, дотор 6 камер суурилуулсан. Гадаах камерыг дүүргийн теле камерын дэд төвтэй холбосон. Сургуульд дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөр хэрэгжинэ. Сургуулийн бүсэд архи, тамхины худалдаа хязгаарлаж, хүүхдийг зам тээврийн осол, гэмт хэргээс хамгаалах цогц орчин бүрдэж байна.
 
 

Нийслэлийн ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль болж, өнөөдөр сурагчдаа угтан авлаа  
Үзсэн: 30 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй