Шууд Chart

Норвегийн хаан Хокон VIII тангараг өргөлөө

2026-09-02 10:19:06

Норвегийн шинэ хаан Хокон VIII есдүгээр сарын 1-нд Осло хот дахь парламентын ордонд Үндсэн хуульдаа үнэнч байхаа тангараглаж, хааны үүргээ албан ёсоор хэрэгжүүлэх чухал бэлгэдлийн алхам хийлээ.

Өдгөө 53 настай Хокон эцэг Харальд V хаан наймдугаар сарын 28-нд 89 насандаа таалал төгссөний дараа хаан ширээг залгамжилсан юм. Харальд V Норвегийг 35 жилийн турш хаанчилжээ. Шинэ хаан элэнц өвөөгөөс нь уламжилсан “Бүхнийг Норвегийн төлөө” гэсэн хааны уриаг сонгосон байна.

Парламентын дарга Масуд Гараххани өмнөх хааны таалал төгссөн болон Хокон хаан ширээг залгамжилсныг албан ёсоор зарласны дараа шинэ хаан тангараг өргөжээ. Тэрбээр Норвегийн хаант улсыг Үндсэн хууль болон хууль тогтоомжийн дагуу захирна гэдгээ тангараглав.

Норвегийн хаант засаглалын түүх IX зуунаас эхтэй. Харин 1905 онд Норвеги Шведээс тусгаар тогтносны дараа бүх нийтийн санал асуулгаар хаант засгийг сэргээхийг сонгогчдын дөрөвний гурав нь дэмжжээ. Өнөөдөр хааны эрх мэдэл үндсэндээ бэлгэдлийн шинжтэй бөгөөд төрийн бодит эрх мэдлийг сонгогдсон парламент, Засгийн газар хэрэгжүүлдэг.

Харальд V хааны шарилыг Осло дахь хааны ордны сүмд байршуулсан бөгөөд иргэд есдүгээр сарын 1-8-нд хүндэтгэл үзүүлэх юм. Түүний оршуулгын ёслол есдүгээр сарын 9-нд болно.

Хокон VIII-ийн гэргий, хатан хаан Метте-Марит тангараг өргөх ёслолд оролцоогүй. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард уушги шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсний дараах хүндрэлээс шалтгаалан эмчийн хяналтад үлдсэн гэж хааны ордноос мэдээлжээ.


Норвегийн хаан Хокон VIII тангараг өргөлөө  
Үзсэн: 88 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй