Шууд Chart

Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа

2026-09-01 17:20:20

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцох үеэрээ Бишкек хотноо (2026.08.31) Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын Танхимын орлогч дарга, Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Киргизийн хэсгийн дарга Улан Эркинович Маматкановтай албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн саад бэрхшээлийг шийдвэрлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. 

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга бөгөөд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд Засгийн газар хоорондын комисс чухал үүрэгтэйг онцоллоо.

Түүнчлэн, Бүгд Найрамдах Киргиз Улс нь манай улсын Төв Азийн бүс нутаг дахь чухал түнш бөгөөд өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын хүрээнд тохиролцсон ажлуудыг бодит үр дүнд хүргэж, хоёр орны хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь чухал болохыг тодотгов. 


Хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн гурван жилийн хугацаанд 3.7 дахин нэмэгджээ. Тиймээс гадаад худалдаа идэвхжиж, экспортын боломжууд нэмэгдэж буй энэ цаг үед шинэ зах зээл рүү гарах, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, бүс нутгийн коридорыг хөгжүүлж, транзит тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх зэргээр хоёр улсын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь стратегийн өндөр ач холбогдолтойг талууд онцолж, харилцан санал солилцлоо.


Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа  
Үзсэн: 84 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй