Шууд Chart

Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1,150,000-1,450,000 төгрөгөөр худалдан авна

2026-09-01 17:37:13

Засгийн газраас стратегийн нөөц улаанбуудай бүрдүүлэх ажлын хүрээнд ХХААХҮЯ, “Хөдөө аж ахуйн корпораци” (ХААК) ТӨХХК-иас улаанбуудайн үйлдвэрлэлийн өртөгт суурилсан худалдан авах үнийн тооцоолол, танилцуулгыг Монголын тариаланчдын үндэсний холбоонд албан ёсоор танилцууллаа.
 
Энэхүү тооцооллыг гаргахын тулд салбар яам болон ХААК ТӨХХК, мэргэжлийн холбоотой хамтран 11 аймгийн 41 сумын 120 гаруй тариаланч, аж ахуйн нэгжийг хамруулсан өртгийн судалгааг хийсэн юм. Өнөөдөр ХААК-ийн танилцуулга, тариаланчдын холбооны саналыг үндэслэж, улаанбуудайн үнэ тогтоох нэгдсэн ойлголцолд хүрлээ.
 
Ингэснээр:
 
I ангиллын улаанбуудай тонн тутмыг 1,450,000
II ангиллын улаанбуудай тонн тутмыг 1,350,000
III ангиллын улаанбуудайг тонн тутмыг1,250,000
 
IV ангиллын улаанбуудай тонн тутмыг 1,150,000 төгрөгөөр тонн тутмыг тус тус худалдан авах үнийг тогтоов.
 
Засгийн газрын зүгээс дотоодын хэрэгцээг хангах, үнийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор 100 мянган тонн хүнсний улаанбуудайг өртөгт суурилсан, тариаланчдад ашигтай үнээр улсын стратегийн нөөцөд худалдаж авах шийдвэр гаргаж зардлыг 2026 төсвийн тодотголд өргөн мэдүүлсэн.
 
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өнгөрсөн хавар газар тариалан эрхлэгчидтэй уулзах үеэрээ цаг үеийн тулгамдсан асуудлуудыг нь сонсож, санал солилцсоны үндсэн дээр хаврын тариалалтад зориулж шатах тослох материалыг хямд үнээр олгох, хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэгдүүлж, хүртээмжийг нь сайжруулах, бордоо болон үрийн хангамжийн асуудалд дэмжлэг үзүүлэх шийдвэрүүдийг Засгийн газрын хуралдаанаас гаргуулсан юм.
 
Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн С.Батболд салбарын цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдэх талаар шуурхай арга хэмжээ авсанд талархал илэрхийлж, Засгийн газар энэ намар 100 мянган тонн буюу нийт хураах улаанбуудайн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний стратегийн нөөц бүрдүүлэхээр болсон нь цаашид газар тариалангийн салбарт эргэлтийн хөрөнгө бий болох, аж ажуйн нэгжүүдээ дэмжих бодлого болж байгааг хэллээ.
 
Сайд Ц.Идэрбат өнөөдөр мөн гурил үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж, стратегийн хүнс гурилын үнэ, улаанбуудайн хангамж, нийлүүлэлтийн талаар санал солилцлоо.
 
Гурилын үйлдвэрүүдийн хувьд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхийг урьтал болгохгүй бөгөөд үйлдвэрлэл, борлуулалтаа хэвийн явуулах боломжоор хангах, тухайлбал дотоодын зах зээлд ОХУ-ын импортын гурилыг оруулж ирэхгүй байхад анхаарч өгөөч гэсэн санал тавив. ХХААХҮЯ-наас гурилын импортын гэрчилгээ олгохыг зогсоогоод байгааг дурдаж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
 

Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1,150,000-1,450,000 төгрөгөөр худалдан авна  
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй