Шууд Chart

Их Британи Европын холбооноос гарах хугацааг хойшлууллаа

2019-03-22 12:25:07

Европын холбоо "Брексит"-ийг хойшлуулах саналыг өчигдөр дэмжсэн байна. Гэхдээ ирэх долоо хоногт Тереза Мэй парламентийн гишүүдээс зөвшөөрөл авч чадвал тавдугаар сарын 22 хүртэл "Брексит"-ийг хойшлуулна. Эсэргээрээ энэ төлөвлөгөөг парламент дэмжихггүй бол дөрөвдүгээр сарын 12-нд Их Британи Европын холбооноос гарахаар тохиролцсон байна.

Энэ тухай Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск “Европын холбооны 27 улс Нэгдсэн вант улсын хүсэлтэд эерэг нааштай хандлагаар хариу өглөө. Европын холбооноос гарах гэрээг ирэх долоо хоногт дэмжсэн тохиолдолд Лиссабоны гэрээний 50 дугаар зүйл заалтыг өргөжүүлж тавдугаар сарын 22 гэж сунгахыг зөвшөөрч байна. Үгүй бол энэ хугацааг дөрөвдүгээр сарын 12 хүртэл хойшлуулна. Цаашлаад гэрээгүйгээр Европын холбооноос гарах бэлтгэл үргэлжилнэ” гэсэн утга бүхий мэдэгдлийг "твиттер" хуудсандаа бичжээ.

Мөн Европын холбооны пүрэв гарагт санал болгосон гэрээнд Их Британи ирэх тавдугаар сарын 23-нд болох Евро Парламентийн сонгуульд оролцоно гэсэн нөхцөлтэйгээр дурдсан хугацаанаас илүү хугацаагаар "Брексит"-ийг хойшлуулах хүсэлт гаргаж болно гэж заасан байна. Энэ талаар Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Евро Парламентийн сонгуульд оролцох хувилбар тийм ч хүсэхээр зүйл биш. Холбооноос гарах тухай санал хурааснаас гурван жил өнгөрсний дараа Евро Парламентийн сонгуульд оролцох хүсэлт гаргах нь зүй бус хэрэг” гэсэн утгатай зүйл ярьсан юм.

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улс энэ сарын 29-нд Европын холбооноос гарахаар төлөвлөж гэрээ байгуулсан. Хэрэв энэ хугацааг сунгах асуудлаар хууль тогтоогчид нь санал нэгдэж дэмжихгүй бол Европыг гэрээгүйгээр орхин гарах нөхцөл бүрдэж байна. Ингэж гэрээгүйгээр гарахгүйн тулд Тереза Мэй хугацааг зургаадугаар сарын 30 хүртэл гурван сараар хойшлуулах хүсэлт гаргаад байсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Их Британи Европын холбооноос гарах хугацааг хойшлууллаа  
Үзсэн: 779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй