Шууд Chart

Аврагчдад дархлаа дэмжих эм хүлээлгэн өгөв

2019-03-22 13:08:08

“Эко-Алтан Заамар” компанийн уурхайн нурангид дарагдсан нэрвэгдэгсдийг эрэн хайх ажиллагаанд үүрэг гүйцэтгэн ажилласан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын дархлааг дэмжих, нөхөн сэргээх эмчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Цахиур төмөр” ХХК-ийн зүгээс хоёр төрлийн эм бэлдмэлийг хүлээлгэн өглөө.

Уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Налайх дүүргийн Уул уурхайн аврах ангийн захирагч, хурандаа Г.Буянтогтох, “Цахиур төмөр” компанийн эмийн бүтээгдэхүүн хариуцсан брэнд менежер Ш.Даариймаа, менежер Б.Даваацэрэн нар оролцсон юм.

Уулзалтын үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Гамшгийн голомтонд байнга ажиллаж байдаг манай аврагч, алба хаагчдын эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэдэг дээр ард иргэд маань санал нэгтэй байгаа. “Эко-Алтан Заамар” компанийн уурхайн нурангид дарагдсан нэрвэгдэгсдийг эрэн хайх ажиллагааны үеэр ард иргэд маань аврагчдын амь нас, эрүүл мэндийн төлөө маш сэтгэл зовж, санаа тавьж байгаагаа илэрхийлж байсан. Та бүхний хувьд бодит дэмжлэг үзүүлж алба хаагчид, аврагчдын эрүүл мэндэд анхаарал хандуулж туслалцаа үзүүлж буйд маш их талархаж байна. Бид яг халуун цэг дээр ажилласан аврагчдад энэхүү эм бэлдмэлийг хүлээлгэн өгөх болно” гэв.

Нийт гурван сая төгрөгийн үнэ бүхий хоёр төрлийн эм нь дархлаа дэмжиж, халдварын дахилтыг бууруулах, бөөр шээс дамжуулах замын халдвар болон чулуужих өвчний эмчилгээнд хэрэглэгддэг юм байна.

Уулзалтын үеэр “Цахиур төмөр” компанийн эмийн бүтээгдэхүүн хариуцсан брэнд менежер Ш.Даариймаа “Манай компанийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Онцгой байдлын алба хаагчдын цаг наргүй, аюултай нөхцөл байдалд ажилладаг онцгой нөхцөлийг нь харгалзан үзэж хүн амын дунд зонхилон тохиолддог бөөрний өвчлөл, дээр нь дархлааны дутмагшил, мөн биед нь хуримтлагдсан архаг халдваруудын эсрэг эдгээр бүтээгдэхүүнүүд илүү хэрэгтэй байх гэдэг үүднээс энэ хоёр төрлийн бүтээгдэхүүнийг сонгосон” гэв гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Аврагчдад дархлаа дэмжих эм хүлээлгэн өгөв  
Үзсэн: 656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй