Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир Монгол Улсын Засгийн газар, Панамын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулсан “Риогийн гурван конвенц болон үндэсний хөгжлийн төлөвлөлтийн уялдааг сайжруулахад хиймэл оюун ухааныг ашиглах нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо.
Хэлэлцүүлгээр хиймэл оюун ашиглан уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, газрын доройтлын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний уялдааг сайжруулах боломжийг авч үзжээ. Мөн бодлого, санхүүжилт, хэрэгжилтийн мэдээллийг нэгтгэн дүгнэж, хөрөнгө оруулалтыг шаардлагатай чиглэлд төвлөрүүлэхэд шинэ технологийг хэрхэн ашиглах талаар санал солилцов.
Дэд сайд Б.Мөнхтамир хиймэл оюун нь бодлого боловсруулагчид болон орон нутгийн иргэдийн мэдлэг, оролцоог орлох бус, харин шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх хэрэгсэл гэдгийг онцоллоо.
Тэрбээр хиймэл оюуны тусламжтайгаар бодлого, хөтөлбөрүүдийн уялдаа холбоо, хамтын ажиллагаа шаардлагатай чиглэл болон хоорондоо зөрчилдөж буй асуудлыг илүү тодорхойлох боломжтойг дурдав.
Байгалийн нөөцөөс ихээхэн хамааралтай, олон янзын экосистем бүхий Монгол Улсын хувьд хөгжлийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын шийдвэрт өгөгдөл болон шинэ технологийн хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Энэ чиглэл нь Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө”, түүний үндсэн санаачилгын нэг болох байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга болон “Ногоон дата төв” төсөлтэй уялдах аж.
Монгол Улс цаашид Панам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон бусад түнштэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, хэлэлцүүлгээс гарсан санал, шийдлийг бодит ажил болгох зорилготойг дэд сайд Б.Мөнхтамир онцлов.
Тэрбээр Монгол Улс хиймэл оюуныг бодлого боловсруулагчдыг орлох технологи бус, Риогийн гурван конвенцын хүрээнд хүлээсэн үүрэг болон байгаль орчин, уур амьсгалын бодлогын хэрэгжилт, уялдаа холбоог сайжруулах стратегийн хэрэгсэл болгон ашиглах байр суурьтайг илэрхийллээ.
| Монгол Улс байгаль орчны бодлогын уялдааг сайжруулахад хиймэл оюун ашиглана | ||
| Үзсэн: 69 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.