Шууд Chart

Умард Солонгосын Ардын дээд хурлын 14 дүгээр хуралдааны анхны хуралдаан ирэх сард болно

2019-03-22 15:16:16

Умард Солонгосын Ардын дээд хурлын 14 дүгээр хуралдааны анхны хуралдаан ирэх дөрөвдүгээр сарын 11-нд Пехньян хотод болно. Энэ талаар Солонгосын Төв цахилгаан мэдээллийн агентлаг мэдээллээ.

Анхны хуралдааны товыг Ардын дээд хурлын тэргүүлэгчдээс гаргасан байна. Умард Солонгосын парламент буюу Ардын дээд хурлын депутатуудын сонгууль энэ сарын 10-нд болсон юм. Сонгуульд бүртгэлтэй сонгогчид 99.99 хувийн ирцтэйгээр оролцсон тухай тус улсын Сонгуулийн төв хорооноос мэдээлсэн билээ. Сонгогчид тухайн тойрогт нэр дэвшүүлсэн хүнийг 100 хувиар сонгосон байна.

Энэ удаагийн парламентийн сонгуулийн нэг онцлох үйл явдал нь Ардын дээд хурлын 687 сонгогдсон депутатын жагсаалтад Умард Солонгосын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун өөрөө ороогүй явдал байлаа. Тэрбээр өмнөх 2014 оны сонгуульд 111 дүгээр тойргоос нэр дэвшин оролцож байсан юм.

Умард Солонгосын Ардын дээд хурал нь 687 гишүүнтэй хууль тогтоох дээд байгууллага юм. Хурлын гишүүд жилд нэг удаа Пехньянд цугларч, улсын төсөв болон хэд хэдэн чухал хуулийн төслийг нэг өдрийн дотор хэлэлцдэг. Харин хурлын завсарлага хооронд Ардын дээд хурлын тэргүүлэгчид хууль тогтоох эрх мэдэл төвлөрдөг байна.

Одоогийн байдлаар Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн даргаар өнгөрсөн хоёрдугаар сард 91 нас зооглосон Ким Ён Нам ажиллаж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Умард Солонгосын Ардын дээд хурлын 14 дүгээр хуралдааны анхны хуралдаан ирэх сард болно  
Үзсэн: 622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй