
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, “Монголын багачууд” төрийн бус байгууллага, “КСОРС Монголия”, нийлэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Мы поедем в Артек” буюу “Бид Артек явна” тэмцээнийг сэргээн ахин зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл тус уралдааны хагас финалын шатны шалгаруулалт өнөөдөр Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-д болж, шигшээд өрсөлдөх багийн нэрс тодорлоо.
Ш.Батчимэг: Энэ зун 15 сурагч багш нартайгаа хамт “Артек” зусланд амарна
Тус уралдааны талаар “Монголын багачууд” ТББ-ын тэргүүн Ш.Батчимэгээс зарим зүйлийг тодруулав.
-“Бид Артек явна” тэмцээний үүх түүхээс хуваалцаач?
-“Мы поедем в Артек” тэмцээнийг 1970-аад онд тухайн үеийн Боловсролын яам, Монгол телевиз (МҮОНРТ), Фионерийн төв зөвлөл хамтран Монгол орон даяар зохион байгуулж байсан. Тухайн үед Анастасия Цэдэнбал-Филатова болон намын дарга нар энэ тэмцээнд маш том ач холбогдол өгдөг байв. Мөн тэмцээний ялагчдыг олон улсын хүүхдийн “Артек” зусланд үнэ төлбөргүй амраадаг байсан. 1989 оноос хойш энэ тэмцээн тасалдаад 30 орчим жил болсон. “Монголын багачууд” ТББ-ын монгол хүүхдүүдээ дэлхийн нэг номерын “Артек” зусланд амрааж байя гэсэн зорилго тавиад энэ төслийг дахин сэргээсэн. 30 жилийн дараа энэ тэмцээнийг хуучин форматаар нь зохион байгуулж байна.
-Хагас финалд хэдэн сургуулийн баг оролцож байгаа вэ?
-“Мы поедем в Артек” тэмцээн өнгөрсөн сарын 15-наас зарлагдсан. Улаанбаатар хотоос болон Дархан-Уул, Орхон, Хэнтий, Төв зэрэг дөрвөн аймгийн нийт 22 баг оролцож байгаа. Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сум, Төв аймгийн Угтаалцайдам сумын сурагчид оролцож байгаа. “Мы поедем в Артек” уралдааныг орос хэлний гурван өөр түвшний мэдлэгтэй сурагчдын дунд зохион байгуулж байна. Тухайлбал, эхний ангилалд ЕБС-ын долоодугаар ангиас орос хэлний хичээлд хамрагдсан, долоо хоногт хоёр цаг л судалдаг хүүхдүүд оролцож байгаа. Мөн ахисан түвшин болон гүнзгий гэсэн гурван төрөлд сурагчдыг өрсөлдүүлж, үүнээс 18 баг шигшээ шатанд шалгарч, нийт есөн баг алт, мөнгө, хүрэл медаль хүртэнэ. Түүнээс энэ жилийн тэмцээнд төрөл тус бүрт ялсан гурван баг буюу нийт 15 хүүхэд, багштайгаа “Артек” зусланд амарна. Аваргалсан сурагчдын амрах зардлыг хойд хөршийн Засгийн газраас гаргаж байгаа. Финалын шатны шалгаруулалт энэ сарын 29-30-нд МҮОНРТ-д болно.
“Бид Артек явна” тэмцээний хагас финал боллоо | ||
Үзсэн: 1738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.