
Британийн Ерөнхий сайд Тереза Мэй огцорно гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр энэ тухайгаа намынхаа хурал дээр өчигдөр мэдэгдсэн байна. Тереза Мэй "“Брексит"-ийн гэрээг парламентаар баталсан даруй огцрохдоо бэлдэнэ” гэжээ. Ингэхдээ тэрбээр гэрээг нь баталж, түүхэн үүргээ гүйцэлдүүлэхийг парламентад суудалтай Консерватив намын нөхдөөсөө хүсчээ.
Мөн Тереза Мэй "“Брексит"-ийг эхлүүлэх үйл явц улс оронд маань туршилтын цаг хугацаа байж ирлээ. Парламентад байгаа улс төрийн намыхны байр суурийг олон удаа сонслоо. Хэрэв энэ гэрээг баталчих юм бол намайг түүгээр улс төрийн дараагийн алхмаа хийж карьераа үргэлжлүүлнэ гэж болгоомжилсон гишүүд байгааг би ойлгож байна” гэсэн байна.
Өөрт нь Ерөнхий сайдын суудлаас буух хугацааг товлоод өгчих юм бол төлөвлөгөөний дагуу Консерватив намаас гарч ирэх шинэ Ерөнхий сайдад ажил албаа хүлээлгэн өгнө гэдгээ ч хэлсэн байна.
Ерөнхий сайд Тереза Мэйг ийм үг хэлсний дараа тэрбээр энэ зундаа багтаж огцрох байх гэж зарим улс төрч, ажиглагчид хэлж байхад, зарим нь Тереза Мэй энэ шийдвэрээ өөрчилж магадгүй гэж байна.
Сөрөг хүчин болох Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбин “Гэрээг нь батлаад дэмжээд өгвөл огцорно гэдэг Мэйгийн энэ санал, түүний боловсруулсан "Брексит"-ийн стратеги намынх нь менежмент байснаас биш нийтийн ашиг сонирхол, зарчим биш байсныг харуулж байна. Засгийн газраа өөрчлөх асуудал Консервативчуудын нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлсэн шийд байх ёсгүй. Түүнийг нийтээрээ шийдэх ёстой” гэж ярьжээ.
Тереза Мэй 2016 оноос хойш Британийн эрх баригч Консерватив намыг даргалж байгаа юм.
Тереза Мэй огцорно гэж мэдэгдлээ | ||
Үзсэн: 760 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.