
Саудын Араб улсад цөмийн технологи шилжүүлэх нууц зөвшөөрөл олгосон байна гэж "Ройтерс" мэдээллээ. Саудын Араб улсад цөмийн станц барихад нь туслах зорилгоор цөмийн технологи нийлүүлэх хүсэлтийг АНУ-ын зургаан компани гаргаад байсан. Энэ хүсэлтийг АНУ-ын Эрчим хүчний асуудал хариуцсан яам баталж, нууц зөвшөөрөл олгосон байна гэж "Ройтерс" мэдээлж байна.
"Ройтерс"-ийн мэдээлснээр энэ талаар мэдээлэл өгсөн эх сурвалж нь цөмийн технологийн гэрээнүүдийн талаар ойрын мэдээлэлтэй эх сурвалж юм байна. “Эрчим хүчний сайд Рикк Перригийн баталсан энэ зөвшөөрөл гэрээ байгуулахаас өмнө тэдгээр зургаан компанийг ямар нэг техник хэрэгсэл нийлүүлэхгүйгээр технологи нийлүүлэх бэлтгэл ажлууд хийхийг нь зөвшөөрч байна” гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж ярьжээ.
АНУ-ын Эрчим хүчний яамны Үндэсний цөмийн аюулгүй байдлын газар энэ баримтдаа “Компаниуд энэ тухай зөвшөөрлийг нийтэд зарлалгүй нууц байлгаж өгөхийг Дональд Трампын засаг захиргааныхнаас хүссэн” гэж мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас Саудын Араб улсад цөмийн технологи нийлүүлэх гэрээ байгуулах гэж байна гэсэн мэдээлэл хэд хоногийн өмнө нийтэд ил болсон юм. АНУ-аас гадна Өмнөд Солонгос, Оросын талаас Арабын энэ улстай ийм гэрээ байгуулахаар өрсөлдөөнд бэлтгэж байгаа юм байна. Ялагчийг энэ оны сүүлчээр зарлах юм байна.
Энэ асуудлаар АНУ-ын улс төрд олон хүн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Нэгдүгээрт, Саудын Араб улсад цөмийн технологи нийлүүлснээр цаашид энэ улсыг цөмийн үйлдвэрлэл явуулах боломжтой болгоно. Хоёрдугаарт, Ойрхи Дорнодод цөмийн зэвсгийн өрсөлдөөн бий болгоно гэж эсэргүүцэгчид санаа зовниж байгаа юм.
Учир нь Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед Бин Салман "бүс нутгийн дайсан" гэгддэг Иран улсыг цөмийн үйл ажиллагаа явуулбал хаант улс ч мөн цөмийн зэвсэгтэй болно гэж мэдэгдсэн байдаг юм.
Саудын Араб улсад цөмийн технологи шилжүүлэх нууц зөвшөөрөл олгосон гэв | ||
Үзсэн: 1207 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.