
Керчийн хоолойн асуудлаар Оросын эсрэг шинэ арга хэмжээ авна гэж АНУ мэдэгдлээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Оросын талаас Украйнд үзүүлж байгаа нөлөө, ялангуяа Керчийн хоолойн асуудлын хариуд Вашингтон НАТО дахь түнш улсуудтайгаа хамтарч ирэх долоо хоногт хэд хэдэн шинэ арга хэмжээ авна” гэж мэдэгджээ.
Тэрбээр энэ үгээ лхагва гарагт парламентийн доод танхимд болсон сонсгол хурлын үеэр хэлсэн байна. Үргэлжлүүлэн Майк Помпео “Оросын тал Азовын тэнгисээс Украйны хөлгийн багийнхныг олзолж баривчлах үеэр бид тэр явдлыг эсэргүүцэж олон ажил хийсэн. Одоо илүү зүйл хийх хэрэгтэй” гэжээ.
Энэ талаар зарим хэвлэлүүдэд гурав хоногийн дараа болох Украйны Ерөнхийлөгчийн сонгуультай холбон бичсэн байна. Учир нь “Сонгуулийн өдөр ойртож байгаа энэ үед бид Оросын талаас нөлөө үзүүлэхээс сэргийлсэн арга хэмжээгээ үргэлжлүүлнэ” гэж Майк Помпео ярьсан байна.
Мөн Украйны Засгийн газраас явуулсан судалгаагаар Оросын тал сонгуулийн үйл явцад нь хөндлөнгөөс нөлөөлж, нөхцөл байдлыг тогтворгүй болгох төлөвлөгөөтэй гэж байсныг ч АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын мэдэгдэлтэй холбон мэдээлсэн байна.
Харин Оросын хэвлэлд тухайн үед Керчийн хоолойд саатуулагдсан хөлөг онгоцнуудад ердийнхөөс их хэмжээний зэвсэг, байлдааны бэлэн байдалтай зэвсгийн системүүд байсан нь сүүлд ил болсон гэж бичжээ.
Барууныхны зүгээс 2014 онд Крымыг нэгтгэснээс хойш Оросын эсрэг хэд хэдэн удаагийн хориг шахалт тавьсан. Үүн дээр нэмээд 11 дүгээр сарын 25-ны өдөр Керчийн хоолойд “Усан хил зөрчсөн” гэж Украйны тээврийн хоёр хөлөг онгоц руу Оросын эргийн хамгаалалтынхан гал нээж, багийн гишүүдийг нь баривчилсан явдал нь АНУ зэрэг улсуудын шүүмжлэл хүлээсэн юм.
АНУ Керчийн хоолойн асуудлаар Оросын эсрэг шинэ арга хэмжээ авна | ||
Үзсэн: 610 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.