
Кубын Ардын засгийн Үндэсний ассамблей ирэх дөрөвдүгээр сарын 10-нд тусгай хурал хийж, шинэ Үндсэн хуулиа батална. Одоогоос нэг сар гаруйн өмнө явуулсан бүх нийтийн санал хураалтаар тус улсын хүн амын олонх нь шинэ Үндсэн хуулийг дэмжсэн билээ. Энэ талаар Кубын төрийн телевиз лхагва гарагт мэдээллээ.
Энэ улсын Үндсэн хуультай холбогдох тогтоолууд болон хуулийн бүрэн эхийг парламентийн хуралдаанаас хойш хэдэн өдрийн дотор сонинд нийтэлнэ. Үүний дараа Үндсэн хууль улс орон даяар хэрэгжиж эхлэх юм байна.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Куба улсад шинэ Үндсэн хуулийн асуудлаарх бүх нийтийн санал асуулга явуулсан. Энэ үеэр санал өгөх эрхтэй нийт иргэдийн 73.3 хувь нь буюу 6.8 сая гаруй хүн шинэ Үндсэн хуулийг батлахыг дэмжиж саналаа өгсөн юм. Бүх нийтийн санал хураалт 84.4 хувийн ирцтэй байсан гэж Кубын Үндэсний сонгуулийн комиссоос мэдээлж байлаа. Хуулийн дагуу иргэдийн үнэмлэхүй олонх нь буюу 50 хувь дээр нэмэх нь нэг сонгогчдын санал авахад л бүх нийтийн санал хураалт хүчин төгөлдөр болдог.
Куба улсад шинээр мөрдөгдөх Үндсэн хуульд томоохон өөрчлөлтүүд хэд хэд багтжээ. Тухайлбал, хувийн өмчийг хэсэгчлэн зөвшөөрөх, коммунизмыг байгуулахаас татгалзах, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан тушаал бий болгох, төрийн дээд албан тушаалд таван жилээр хоёроос дээш удаа суухыг хязгаарлах зэрэг орсон. Гэхдээ улс орныхоо социалист чиг хандлага, Коммунист намын удирдах үүрэг зэргийг хэвээр үлдээх юм байна.
Кубын Ардын засгийн Үндэсний ассамблей шинэ Үндсэн хуулиа батална | ||
Үзсэн: 874 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.