
Энэтхэг улсын Сонгуулийн төв хорооноос Ерөнхий сайд Нарендра Модиг хиймэл дагуулын эсрэг зэвсгийн туршилттай холбогдуулан шалгахаар боллоо. Энэ тухай “Эн-Ди-Ти-Ви” суваг мэдээлэв.
Ерөнхий сайдыг Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг шалгуулах хүсэлтийг сөрөг хүчний төлөөлөгчид гаргасан байна. Энэтхэгийн Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр “Улс төрийн мэдээлэл, эрх баригч намын амжилтыг сурталчилсан сурталчилгаа”-г явуулахыг хориглодог.
Энэтхэг улс энэ сарын 27-нд хиймэл дагуулын эсрэг зэвсэг амжилттай туршиж, 300 километрийн өндөрт орших хиймэл дагуулыг оносон. Энэтхэгийн Сансрын судалгаа, боловсруулалтын байгууллагын мэргэжилтнүүдийн бүтээсэн энэ зэвсгийн талаар Ерөнхий сайд Нарендра Моди телевизээр мэдээлэл хийсэн байна. Энэ үеэрээ тэрбээр “Энэтхэг улс энэ туршилтаараа сансрын агуу гүрнүүдийн тоонд орлоо” гэж мэдэгджээ.
Харин шүүмжлэгчид Энэтхэг улс ийм зэвсэг бүтээх боломжтой нь аль эртнээс тодорхой байсан. Харин туршилтыг сонгуулиас хоёр долоо хоногийн өмнө явуулсан нь эрх баригч намын сурталчилгаа болсон гэж үзсэн байна.
Энэтхэгийн парламентийн доод танхимын сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 19-ний хооронд болж, сонгуулийн эцсийн дүнг тавдугаар сарын 23-нд зарлана. Шинжээчдийн тооцоолж байгаагаар сонгуульд эрх баригч “Бхаратия жаната парти” нам ялалт байгуулах өндөр магадлалтай байна. Энэ тохиолдолд одоогийн Ерөнхий сайд Нарендра Моди Ерөнхий сайдын суудалд дахин суух магадлал нэмэгдэх юм.
Нарендра Модиг шалгана | ||
Үзсэн: 1069 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.