
Венесуэлийн засаг захиргаанаас сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог санхүүгийн мэдүүлгээс нь зөрчил илэрсэн асуудлаар төрийн алба хаах эрхийг нь 15 жилээр хориглох шийдвэр гаргасан. Үүний хариуд өөрийгөө төрийн түр тэргүүн гэж зарласан Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо төрийн байгууллагуудыг өөрт нь улс төрийн албан тушаал эрхлэхийг хориглох эрх байхгүй гэж мэдэгджээ.
Тус улсын Хяналтын ерөнхий газрын тэргүүн Элвис Аморосо сөрөг хүчний тэргүүнд хориг тавихаар болсон тухай мэдээлсний дараа Хуан Гуайдо “Хяналтын ерөнхий газар гэгч байгууллага байхгүй. Тийм байгууллагын тэргүүн ч гэж байхгүй. Ийм юм юу ч байхгүй” гэжээ.
Сөрөг хүчний удирдагч хилийн чанадад хийсэн 100 гаруй мянган долларын өртөгтэй айлчлалынхаа тайланг тавихаас татгалзаад байгаа юм. Харин Хяналтын ерөнхий газраас Гуайдог хилийн чанадад 90 гаруй удаа айлчилсан ч айлчлалын мөнгөний эх үүсвэр тодорхойгүй гэж үзжээ.
Венесуэлийн Хяналтын ерөнхий газар өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн Гуайдогийн хөрөнгийн мэдүүлэгт шалгалт явуулж эхэлсэн. Энэ нь Венесуэлийн түр Ерөнхийлөгч гэж зарлаад байгаа сөрөг хүчний удирдагч Гуайдог мэдүүлгээ худал өгсөн, эсвэл орлогоо нуун дарагдуулсан, мөн олон улсын болон үндэсний байгууллагуудаас ямар нэгэн үндэслэлгүйгээр мөнгө авсан байж болзошгүй гэж сэжиглэсэнтэй холбоотой.
Вашингтоноос энэ арга хэмжээг “инээдтэй” гэж нэрлэсэн байна. Тэгвэл Венесуэлийн Хяналтын ерөнхий газраас Хуан Гуайдог төрийн алба хашихыг хориглосон нь тус улсад үүсээд байгаа хямралыг энхийн замаар шийдвэрлэх гарц хайхад саад болж байна гэж Венесуэлийн асуудлаарх Олон улсын холбооны бүлэг Эквадор улсад болсон уулзалтынхаа үеэр дүгнэжээ.
Хуан Гуайдогийн төрийн алба хаах эрхийг 15 жилээр хориглов | ||
Үзсэн: 651 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.