
Ливийн зэвсэгт мөргөлдөөний үеэр 21 хүн амиа алдаж, 27 хүн шархадлаа гэж “Би-Би-Си” агентлаг мэдээлж байна. Тус улсад өнгөрөгч пүрэв гарагт маршал Халифа Хафтар Ливийн үндэсний армидаа Триполи руу довтлох тушаал гаргаснаар цэрэг дайны үйл ажиллагаа идэвхжсэн юм.
Ням гарагт нийслэлийн өмнөд хэсэг агаарын цохилтод өртсөн байна. Ливийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр ням гарагт болсон тулааны үеэр Триполийн өмнөд хэсэгт 11 хүн амиа алдаж, 23 хүн шархадсан гэжээ. НҮБ-аас энэ үеэр талуудыг хоёр цагийн эвлэрлийн завсарлага авахыг уриалсан байна. Энэ хугацаанд аврах албаныхан болон "Улаан хавирган сар" нийгэмлэгийн ажилтнууд Триполи хотын өмнөд хэсгээс шархадсан болон энгийн номхон иргэдийг нүүлгэн шилжүүлэх зорилготой байжээ. Гэвч талууд эвлэрлийн хугацаа өгсөнгүй.
Үүнээс гадна АНУ-ын Зэвсэгт хүчний Африкийн командлалаас Ливийн нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор тус улсаас цэргээ гаргах болсноо мэдэгдсэн. Бусад улс орнууд, байгууллагууд ч мөн иргэдээ гаргахаар бэлтгэж байна.
НҮБ мөн нэн шаардлагатай хүмүүсээ л Ливид үлдээхээр төлөвлөж байгаа юм. Энэтхэг улс энхийг сахиулагчдаа Тунис руу нүүлгэн шилжүүлж байна. Тэгвэл Италийн “Эни” нефть хийн компани итали ажилтнуудаа Ливиэс гаргахаар шийдвэрлэжээ.
Бямба гарагт олон улсын нийгэмлэгээс хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газрын тэргүүн Фаиз Сараж генерал Хафтарыг урвасан, төрийн эргэлт зохион байгуулсан хэрэгт буруутгажээ. Засгийн газар түүнд эв найрамдлын гараа сунгасан, харин одоо зөвхөн хатуу хүчээр л үзэх болно гэж Сараж мэдэгдсэн юм.
Хафтарын хяналтад байгаа Ливийн үндэсний арми Триполийн өмнөд болон баруун хэсгээс довтолж байгаа юм. Тэд үндэсний банк, төрийн телевизийг эзэлж авахаар санаархаж байна.
Дашрамд дурдахад, Ливи хоорондын эвлэрлийн бага хурал энэ сарын 14-16-нд болох ёстой. Энэ хурлаар мөргөлдөгч талууд эвлэрч магадгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Энэхүү эвлэрлийг баталж, Хафтарын сөнөөгч онгоцнууд нийслэлийн дээгүүр нисэхдээ том зүрхэн хэлбэр зуржээ.
Зэвсэгт мөргөлдөөний үеэр 21 хүн амиа алдаж, 27 хүн шархаджээ | ||
Үзсэн: 766 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.