Өнөөдөр Монгол оронд радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхэлсний түүхт 92 жилийн ой тохиож байна.
1930-аад оны эхээр тухайн үеийн Улаанбаатар хотын өнгө төрхийг илэрхийлж байсан “Засгийн газрын барилга”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн”, “Ленин клуб”-ийн үүдэнд хэсэг залуус нэгэн сонин төхөөрөмж байрлуулахаар шамдаж байжээ. Улмаар тэрхүү төхөөрөмж оройн 19:00 цагийн үед гэнэт “ярьж” эхэлснээр Монголын радиогийн түүхийн анхны хуудас бичигдсэн гэдэг.
Харин 1934 оны есдүгээр сарын 1-ний өдөр “Анхаараарай, радио хорооноос ярьж байна” гэсэн дуу хоолой улс орон даяар цацагдсанаар Монгол Улсад радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхэлжээ.
Монголын радиогийн 92 жилийн түүх Монгол Улсын хөгжил, нийгмийн өөрчлөлтийн түүхтэй салшгүй холбоотой. Энэ хугацаанд Монголын радио улс орны хэмжээнд өрнөсөн түүхэн үйл явдлын гэрч, мэдээлэгч төдийгүй соён гэгээрүүлэгч, уриалан дуудагч байсаар ирсэн юм.
Тухайлбал, 1935 онд анхны зайны сургалтыг зохион байгуулж, 1939 онд дуулалт жүжгийг сонсогчдод хүргэж байв. Мөн 1981 онд монгол хүн анх сансарт нисэх үед сансар, дэлхийн хоорондын харилцаа холбоог иргэдэд шууд дамжуулсан түүхтэй.
Өдгөө 92 жилийн түүхтэй Монголын Үндэсний Олон Нийтийн Радио нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн үзэл санаа, зарчимд нийцсэн хөтөлбөрийн бодлогоо хэрэгжүүлж, Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрт мэдээлэл, танин мэдэхүй, соёл, боловсролын олон талт нэвтрүүлгийг тасралтгүй хүргэсээр байна.
МҮОНР нь өнөөдөр Монголын радиогийн нэгдүгээр суваг, “Монголын дуу хоолой”, “Хөх тэнгэр” радио гэсэн гурван сувгаар сонсогчдодоо мэдээлэл, хөтөлбөрөө хүргэж байна.
Монголын радио өргөн нэвтрүүлгийн түүхт 92 жилийн ойг тохиолдуулан үе үеийн уран бүтээлчид, инженер техникийн ажилтнууд, нийт хамт олон болон эрхэм сонсогч та бүхэнд баярын мэнд хүргэе.
MNB.mn сайтын хамт олон
| Монголын радио өргөн нэвтрүүлэг үүсэж хөгжсөний 92 жилийн ой тохиож байна | ||
| Үзсэн: 23 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.