Шууд Chart

Ираны Хувьсгалт гвардыг "алан хядагч" байгууллага гэж зарлавал хариу арга хэмжээ авна

2019-04-08 14:32:30

Ираны Хувьсгалт гвардыг "алан хядагч" байгууллага гэж зарлавал хариу арга хэмжээ авна гэж Ираны талаас мэдэгдлээ. Энэ талаар Ираны парламент ням гарагт мэдэгдсэнийг тус улсын төрийн мэдлийн "Ирна" агентлаг уламжилсан байна.

Ираны парламентийн гаргасан мэдэгдэлд “АНУ-ын удирдагчид өөрсдөө Ойрхи Дорнодод "алан хядагчид"-ыг байгуулж, дэмждэг учраас энэ зохисгүй, тэнэг үйлдэлдээ харамсах болно” гэжээ.

Учир нь “Ираны хувьсгалт гвардыг террорист байгууллага хэмээн зарлах гэж байгаа” талаар АНУ-ын албаны гурван эх сурвалж ярьсныг “Уолл Стрийт журнал” амралтын өдрүүдэд мэдээлсэн юм. Эх сурвалжуудын хэлснээр АНУ-ын засаг захиргаа даваа гарагт Ираны Хувьсгалт гвардыг "террорист байгууллага" хэмээн зарлаж магадгүй байна.

Ингэснээр гадаадын улс орнууд ч Америкийн цэрэг тагнуулынхны эсрэг ижил арга хэмжээ авч болзошгүй гэж шүүмжлэгчид хэлж буй юм байна. Нөгөө талаар АНУ Ираны цэргийг террорист байгууллага гэж зарлавал энэ нь Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн нэрийн өмнөөс авч байгаа арга хэмжээ болно гэж тайлбарлаж байна.

“Ираны Хувьсгалт гвардынхныг "Гадаадын терррорист байгууллага" хэмээн зарлахыг Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху эртнээс АНУ-ын талд ухуулж ирсэн. Үнэндээ ингэсэн тохиолдолд АНУ өөр нэг "намаг балчиг"-т унах болно гэдгээ ухаарч мэдэх хэрэгтэй” гэж Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф "твиттер" хуудсандаа бичсэнийг хэвлэлүүд уламжилжээ.

Ираны дээд удирдагчийн удирдлагад байдаг Хувьсгалт гвард нь 1979 онд Иранд болсон Исламын хувьсгалын дараа байгуулагдсан байна. Гвардын цэргийн нэгж салбар болох “Кудс” хүчнийхэн Сири дэх "Исламын улс" бүлэглэл зэрэг Дамаскийн эсрэг зэвсэгт бүлгүүдийн эсрэг идэвхитэй тэмцэж ирсэн ч, Израйл улс  тэднийг бүс нутгийн дайсан хэмээн үздэгтэй холбоотойгоор Сири дэх оролцоогоо зогсоосон гэж Оросын хэвлэлд бичжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Ираны Хувьсгалт гвардыг "алан хядагч" байгууллага гэж зарлавал хариу арга хэмжээ авна  
Үзсэн: 1397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй