Шууд Chart

Агаараас довтолсны уршгаар 10 гаруй хүн нас барж, 30 гаруй хүн бэртэж гэмтжээ

2019-04-08 17:29:29

Йемений нийслэл Сана хотод агаараас довтолсны уршгаар 10 гаруй хүн нас барж, 30 гаруй хүн бэртэж гэмтжээ. Орон нутгийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан албаны хүмүүс энэ талаар мэдээлсэн байна.

Ням гарагийн үдээс хойш хотын зүүн хэсэгт болсон агаарын цохилтод нэгэн төмрийн дарханы газар өртсөн гэж гэрчүүд хэлж байгаа бол, агаарын цохилтын гол бай нь төмрийн дарханы ойр байдаг нэг сургууль гэж "Хуйти" босогчдын хяналтад байдаг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч ярьжээ.

Албаны хүний хэлснээр нас барсан хүмүүсийн ихэнх нь сургуулийн насны охид байсан байна. Эндсэн хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж магадгүй гэсэн мэдээлэл байна.

Оросын хэвлэлд бичсэнээр Саудын Араб тэргүүтэй цэргийн эвслээс дурдаж буй газарт агаарын цохилт үйлдээгүй хэмээн няцааж байгаа бол, Саудын Арабын телевизээр “Сана хот дахь цэргийн байршлуудад эвслийн цэргүүд хэд хэдэн удаагийн цохилт хийсэн” гэж мэдээлжээ.

Мөн Йемений хэвлэлүүдэд Саудын Арабын дэмжлэгтэй Засгийн газар нь цохилт болсон төмрийн дарханы газрыг "Хуйти" босогчдын ашигладаг зэвсгийн агуулах гэж үздэг гэж мэдээлснийг "Рашиа түдей" дамжуулж байна.

Энэ зуурт Йемен дэх Саудын Араб тэргүүтэй цэргийн эвсэл "Хуйти" босогчдын нэг дрон онгоцыг эсэргүүцэж унагасан гэж ням гарагт мэдэгдсэнийг "Ройтерс" агентлаг уламжиллаа. Тэдний мэдээлж байгаагаар, "Хуйти" босогчдын онгоц Саудын Арабын Асир хотыг чиглэн хөдөлжээ.

Мөн Саудын Арабын мэдээлснээр үүнээс хэдэн өдрийн өмнө Хамис-Мушайт хотод нь цохилт хийхээр "Хуйти" босогчид хоёр онгоц илгээснийг устгасан гэсэн байна.

Өнгөрөгч долоо хоногт Саудын Араб тэргүүтэй цэргийн эвсэл Йемений баруун хойд бүсэд агаараас довтолсноос нутгийн нэгэн эмнэлэг өртөж, найман хүн нас барж, долоон хүн бэртсэн гэж "Рашиа түдей" мэдээлэв. 

Нийтэлсэн: Mонголын радио

Агаараас довтолсны уршгаар 10 гаруй хүн нас барж, 30 гаруй хүн бэртэж гэмтжээ  
Үзсэн: 628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй