
Японы “Ниссан” автоконцерны хувьцаа эзэмшигчид даваа гарагт болсон ээлжит бус хурлаараа санхүүгийн луйврын асуудлаар буруутгагдаад байгаа Карлос Гоныг Захирлуудын зөвлөлөөс хаслаа. Тэрбээр өмнө нь Франц-Японы “Рено-Ниссан-Мицүбиши” нэгдлийн тэргүүний албыг хашиж байсан юм.
Карлос Гонтой хамт түүний ойрын хамтран зүтгэгч, луйврын хэрэгт мөн сэжиглэгдсэн Грег Келлиг Захирлуудын зөвлөлөөс хассан байна. Үүний зэрэгцээ хувьцаа эзэмшигчид “Рено”-гийн шинэ ерөнхийлөгч Жан-Доминик Сенарыг “Ниссан”-ы Захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулах санал гаргажээ.
Уулзалтын төгсгөлд “Ниссан”-ы Ерөнхий захирал Хирото Саикава “Бид удирдлагын хувьд асуудал байснаа хүлээн зөвшөөрөх ёстой” гэж хэлсэн байна. Тэрбээр Карлос Гоныг халагдсантай холбоотойгоор ямар ч мөнгөн тэтгэмж авахгүй" гэж мэдэгджээ.
Карлос Гон өнгөрсөн онд “Ниссан”-ы Захирлуудын зөвлөлийн даргын суудлаас хөөгдсөн ч гишүүнээр нь үлдэж, хуралд оролцох эрхтэй байлаа. Тэрбээр гуравдугаар сард батлан даалтад гарсны дараа өмгөөлөгчид нь зохих өршөөл үзүүлэх хүсэлтийг хэд хэдэн удаа гаргасан ч шүүх хүлээн аваагүй байна.
Карлос Гон болон түүний дотны анд “Ниссан”-ы Захирлуудын зөвлөлийн гишүүн Грег Келли нарыг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 19-нд Японы санхүүгийн хууль тогтоомж зөрчсөн хэрэгт сэжиглэн баривчилсан юм. Учир нь Карлос Гон 2010-2018 онд “Ниссан”-ын Захирлуудын зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа 9 тэрбум иений шагналаа тайлагнаагүй гэж үзжээ.
Тэрбээр 2008 онд үнэт цаастай холбоотой амжилтгүй ажиллагаанаас болж хувийн санхүүгийн алдагдалд орсноо энэ корпорацидаа шилжүүлсэн нь шалгалтаар тогтоогджээ.
Энэ луйврын ажиллагаанд хамтран оролцсон Грег Келлиг өнгөрсөн оны сүүлчээр сулласан юм. Харин Карлос Гоныг хоёр ч удаа суллахаас татгалзсаны эцэст гуравдугаар сарын 6-нд 9 сая доллараар батлан даалтад гаргасан байна. Гэвч луйврын бас нэгэн шинэ хэрэгт сэжиглэгдэж, энэ сарын 4-нд дахин саатуулагджээ.
Карлос Гоныг “Ниссан”-ы Захирлуудын зөвлөлөөс хаслаа | ||
Үзсэн: 582 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.