Шууд Chart

Саудын Арабын 16 иргэнийг АНУ-д орж ирэхийг хоригложээ

2019-04-09 12:04:16

АНУ Саудын Арабын 16 иргэнийг сэтгүүлч Жамаль Хашоггийн аллагад хамааралтай гэж улс орныхоо нутаг дэвсгэрт орж ирэхийг хориглолоо. Энэ тухай Төрийн департаментаас мягмар гарагт гаргасан мэдэгдэлд дурдсан байна.

Төрийн департаментийн санхүүжилт, хилийн чанад дахь үйл ажиллагааны тухай хуулийн 7031-ийн “С”, үүнтэй холбогдон гарах 2019 оны хөтөлбөрийн дагуу энэ арга хэмжээг авсан гэнэ. 7031-ийн “С”-д “Төрийн нарийн бичгийн дарга гадаадын Засгийн газрын албан тушаалтнууд их хэмжээний авлига авсан, эсвэл хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн гэх мэдээлэл хүлээн авбал эдгээр этгээд болон тэдний гэр бүлийн гишүүдийг АНУ-д орж ирэхийг хориглоно” гэж заасан байдаг.

Тиймээс Жамаль Хашоггийг хөнөөхөд оролцсон гэх шалтгаанаар Саудын Арабын 16 иргэнийг АНУ-д орж ирэхийг хоригложээ. АНУ-ын “Вашингтон пост” сонинд тоймчоор ажиллаж байсан Жамаль Хашогги өнгөрсөн оны 10 дугаар сарын 2-нд Стамбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын газрын байр руу ороод алга болсон юм.

Харин 10 дугаар сарын 20-ны шөнө Саудын Арабын төрийн хэвлэл мэдээллүүдээр Жамаль Хашоггийг консулын ажилтнуудтай муудалцсаны улмаас амиа алдсан гэж мэдээлжээ. Стамбулын прокурорын газраас сэтгүүлчийг санаатайгаар хөнөөсөн гэж үзсэн байна. Энэ хэргээр Саудын Арабын Ерөнхий прокурорын газраас 21 хүнийг саатуулжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Саудын Арабын 16 иргэнийг АНУ-д орж ирэхийг хоригложээ  
Үзсэн: 570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй