Шууд Chart

Дэлхий дахины цаазын ял гүйцэтгэлийн тоо 31 хувиар буурчээ

2019-04-10 11:57:42

Өнгөрөгч 2018 онд дэлхий дахины цаазын ял гүйцэтгэлийн тоо 31 хувиар буурч, сүүлийн 10 жилийн хамгийн доод үзүүлэлтэд хүрчээ. Энэ тухай “Эмнести Интернэшнл” байгууллагын лхагва гарагт гаргасан тайланд дурдсан байна.

Цаазын ялын тоо 2017 онд 993 байсан бол, 2018 онд 690 болж багасчээ. “2018 оны бүтэн мэдээллээс харахад цаазын ялыг хэрэглэх нь тодорхой хэмжээгээр буурч, дэлхий даяар энэхүү харгис, хүнлэг бус шийтгэлд цэг тавихын тулд үр дүнтэй алхмууд хийж байгаа нь тодорхой байна” гэж баримтад тэмдэглэжээ.

“Эмнести Интернэшнл” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Куми Найду “Дэлхий даяар цаазын тоо эрс буурсан нь зарим нэг өөрчлөлт хүлээж байгаагүй улс орнууд өөрсдийн алхамдаа өөрчлөлт хийж, цаазын ял бол асуудлыг шийдвэрлэх гарц биш гэдгийг ойлгож эхэлсэнтэй холбоотой” гэж хэлжээ.

Тухайлбал, Иран улсад гэхэд Мансууруулах бодистой тэмцэх тухай хуульдаа өөрчлөлт оруулсны дараа цаазын ял 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн Ирак, Пакистан, Сомали зэрэг улсуудад цаазын ял гүйцэтгэлийн тоо эрс буурчээ.

Харин Беларусь, Сингапур, АНУ, мөн Өмнөд Судан зэрэг улсад цаазын ялын тоо тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна. Японд л гэхэд олон жилийн дунджаас илүү буюу цаазын нийт 15 ял гүйцэтгэжээ. Мөн Тайланд улс 2009 оноос хойш анх удаа цаазын ял гүйцэтгэсэн юм.

Судалгаанаас үзэхэд, цаазын ялыг хамгийн их хэрэглэдэг улс орнуудыг БНХАУ тэргүүлж байна. Тус улсад цаазын ялын тоо тодорхойгүй, төрийн нууцад ордог гэжээ. БНХАУ-ын араас 2018 онд Иран улс 253, Саудын Араб 149, Вьетнам 85, Ирак 52 цаазын ял тус тус гүйцэтгэжээ.

БНХАУ-аас гадна Умард Солонгост хэдэн хүнд цаазын ял гүйцэтгэсэн тухай тодорхой баримт байдаггүй. “Эмнести Интернэшнл” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга “Цаазын ялыг одоо болтол хэрэглэж байгаа бүх улс орон шийдвэртэй алхам хийж, энэ аймшигт шийтгэлийг хэрэглэхээ нэн даруй зогсоохыг уриалж байна” гэж мэдэгдсэн байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Дэлхий дахины цаазын ял гүйцэтгэлийн тоо 31 хувиар буурчээ  
Үзсэн: 584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй