Шууд Chart

Хамтарсан мэдэгдэл гаргалаа

2019-04-10 12:56:02

Европод айлчилж байгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян мягмар гарагт Брюсcельд Европын зөвлөлийн дарга Доналд Туск, Европын комиссын дарга Жан Клод Юнкер нартай уулзаж, хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд Хятадын талаас гадаадын компаниудыг улс оронд нь үйл ажиллагаа явуулахдаа технологио ижил төстэй компаниудад хүчээр шилжүүлж суурьшуулна гэсэн шаардлага тавьдгийг зогсооно гэж заасан байна.

Мөн талууд 2020 он гэхэд хөрөнгө оруулалтыг чөлөөлөх, өргөжүүлэх гэрээ байгуулж, яриа хэлэлцээгээ эцэслэхээр тохиролцжээ. Хэвлэлийн хурлын үеэр Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян “Хятад улс гадаадын компаниудад бизнесийн үйл ажиллагаа явуулах таатай орчин бүрдүүлнэ” гэсэн бол Европын зөвлөлийн дарга Доналд Туск энэ удаагийн уулзалтыг төвөгтэй боловч үр дүнтэй чухал хурал боллоо гэсэн байна.

Хятадын хэвлэлд бичсэнээр Брюссельд болсон уулзалтын үеэр талууд Хятадын “Нэг бүс-нэг зам” санаачилгыг Европын талаас боловсруулсан Европ, Азийг холбох төслийг уялдуулна гэж тохиролцсон байна.

Гэхдээ Европын гишүүн улсуудын дунд Хятадыг чиглэсэн таамаг, болгоомжлолууд хэвээр байгааг зарим хэвлэл мэдээлж байна. Хятадын тал гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, биелүүлэх болов уу гэдэгт улс орнууд анхааралтай ажиглах болно гэж тайлбарлажээ.

Европын удирдлагууд Ираны цөмийн гэрээ, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудад Бээжинг стратегийн түнш гэж хардаг ч, худалдааны салбарт шударга, ил тод, нээлттэй байж чадахгүй байна гэж шүүмжилдэг юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Хамтарсан мэдэгдэл гаргалаа  
Үзсэн: 502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй