
Пүрэв гарагт эхэлж байгаа Энэтхэгийн парламентийн сонгууль тавдугаар сарын 19 хүртэл үргэлжилж, тавдугаар сарын 23-нд саналын дүнг тоолж, зарлах юм байна. Үүнээс гадна сонгуулийн насны 900 сая хүн сонгууль өгнө гэдгийг хэвлэлүүд онцлон мэдээлж байгаа юм. Өнгөрөгч 2014 оны сонгуулиас 84 гаруй саяар олон хүн саналаа өгөх аж.
Сонгуулийн санал хураалт муж бүрт харилцан адилгүй буюу хамгийн дээд тал нь долоон үе шаттай болно. Ингэхдээ Энэтхэгийн төв Засгийн газарт харьялагддаг холбооны нутаг дэвсгэрүүд, мужууд гээд нийт 20 газрын оршин суугчид сонгуулийн 91 тойрогт саналаа өгч, парламентийн доод танхимын 543 гишүүнийг сонгоно. Үүнээс гурван мужид долоон үе шаттай сонгууль болох бол маргаантай байгаа Жамму Кашмир мужид сонгууль гурван үе шаттай болно. Хоёр мужид нэг шаттай сонгууль болох юм байна.
Сонгуульд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн “Бхаратияджаната” буюу "Энэтхэгийн ард түмний нам" гол өрсөлдөгч болох сөрөг хүчний "Энэтхэгийн Үндэсний конгресс нам"-тай өрсөлдөж байна. Нарендра Модигийн нам Кашмирын маргаантай холбоотойгоор хөрш зэргэлдээх Пакистан улстай цэргийн сөргөлдөөнтэй байгаа энэ үед үндэснийхээ аюулгүй байдлыг бэхжүүлэхэд анхаарлаа хандуулна гэж амлаж байгаа юм.
Харин сөрөг хүчний гол өрсөлдөгч "Энэтхэгийн Үндэсний конгресс нам", фермерүүдийг дэмжих, ажилгүйдлийг бууруулахыг гол зорилгоо болгон, “Энэ цаг үед Энэтхэг улсад хамгийн ихээр тулгамдаад байгаа зүйл бол ажилгүйдэл” гэж Ерөнхий сайд Нарендра Модиг шүүмжилсээр өдий хүрсэн.
1970-аад оноос хойш энэ улсын ажилгүйдлийн түвшин дээд цэгтээ буюу 6.1 хувьд хүрээд байгаа ч, эрх баригчид энэ талаарх мэдээллийг ил зарлаагүйд нь шүүмжлэгчид эгдүүцэж байгаа юм.
Дэлхийн хамгийн нүсэр сонгууль гэгдэж байгаа энэ сонгуулийн өмнө явуулсан хэд, хэдэн удаагийн сонгуулиар эрх баригч "Энэтхэгийн ард түмний нам" парламент дахь олонхийн суудлаа алдана гэсэн дүн гарсныг зарим хэвлэл сануулж байна. Тиймээс Нарендра Моди парламентад хангалттай олонх болж, Ерөнхий сайдын албаа үргэлжүүлэх үү гэдэгт олон улс анхаарал хандуулж байна.
Тэрбээр 2014 оны сонгуульд 161 суудалтайгаар үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ удаа Засгийн газраа байгуулахын тулд сонгуульд өрсөлдөж байгаа намууд, эвсэл, бүлгүүд парламентийн доод танхимд 272-оос дээш суудал авах хэрэгтэй.
Дэлхийн хамгийн "нүсэр" сонгууль эхэлж байна | ||
Үзсэн: 618 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.