
Алжир улсын Ерөнхийлөгчийн сонгууль долоодугаар сарын 4-ний өдөр болох юм байна. Энэ товыг Алжирын долоо дахь Ерөнхийлөгч Абдель-Азиз Бутефилкаг залгамжилсан түр ерөнхийлөгч ажилдаа орсны маргааш буюу лхагва гарагт зарлажээ.
Бүх нийтийн эсэргүүцэлтэй тулсан Ерөнхийлөгч асан Абдель-Азиз Бутефилкаг огцорсны дараа парламентийн дээд танхимын дарга Абдель Кадер Бенсалах 90 хоногийн хугацаанд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэхээр томилогдсон байна. Тэрбээр ажлаа орсныхоо дараа сонгууль явуулах тогтоолд гарын үсэг зурсан гэж Алжирын "Эй Пи Эс" агентлаг мэдээлжээ.
Түр Ерөнхийлөгч Бенсалах сонгуулийн талаар мягмар гарагт зурагтаар ярихдаа "Эрх мэдлийнхээ хүрээнд чөлөөтэй, ил тод, нээлттэй сонгууль явуулна" гэж амласан байна. Мөн улс төр иргэний нийгмийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр шударга сонгууль явуулахад шаардлагатай нөхцөлийг бүрдүүлж ажиллах тусгай эрх бүхий байгууллага байгуулахаар төлөвлөж байгаагаа зарлажээ.
Гэсэн ч Алжирын түр Ерөнхийлөгчийн томилгоо лхагва гарагт болсон жагсаал цуглааныг зогсоож чадаагүй байна. Алжир хотын гудамж талбайд гарч жагссан хүмүүс улс төрийн бүрэн төгс өөрчлөлт шинэчлэл хийхийг шаарджээ.
Эсэргүүцэгчдийн хувьд Ерөнхийлөгч асан Абдель-Азиз Бутефилкаг төр барих үед гарч ирсэн эрх мэдэлтнүүд, тэдний ойрын холбоотой бүх хүн, тэр дундаа “гурван Би” буюу түр Ерөнхийлөгчөөр томилогдоод байгаа парламентийн дээд танхимын дарга Бенсалах, Ерөнхий сайд Нуреддин Бедуи, Алжирын Дотоод хэргийн сайд Таеб Белайз гэсэн хүмүүсийг улс төрөөс шахаж гаргахыг удаа дараа шаардаж байна.
Алжирын Ерөнхийлөгчийн сонгууль долоодугаар сард болно | ||
Үзсэн: 611 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.